ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.10.28-11.01)

  2019-11-04 08:55  252

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2019.10.28-11.01)


УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголын асуудал хариуцсан туслах нарийн бичгийн даргын орлогч Алан Терли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар “АНУ нь бидний хувьд чухал Стратегийн түншлэл бүхий “гуравдагч хөрш” бөгөөд ардчилал, хүний эрх, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа” хэмээн онцлов.


Мөн тэрбээр Ази-Европыг холбосон хамгийн тохиромжтой, дөт байх боломжтой зам Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Монгол Улсын газар зүйн байршлын онцлогийг ашиглан хоёр хөрштэй хийх экспортоо нэмэгдүүлэх боломжтой гээд эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг онцгой анхаарал хандуулдаг. Нэн ялангуяа газрын тос, хийн хоолой болон мэдээллийн урсгалыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах замаар Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх сүлжээ бий болгох нь онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж буйг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улс хөдөө аж ахуй, ноос ноолуур, сүлжмэл эдлэл, уул уурхайн салбарын нөөц боломж ихтэй ч сүүлийн үед нар, салхины эх үүсвэртэй сэргээгдэх эрчим хүчний салбарт ахиц дэвшил гарч байгаа учраас хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах боломж нээгдэж байгааг ч тэрбээр дурдав.

Уулзалтын үеэр талууд хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, “саарал жагсаалт”д орсноос үүдэн гарах нөхцөл байдал, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо. 2019.10.28.  http://www.parliament.mn/n/buky


УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

УИХ-ын дарга мэндчилгээндээ, нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон бахархал монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ. Монгол Улсын нийт хүн амын 45 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран суудаг, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгөжин жавхаажсаар байна гээд цаашид та бид нийслэлээ дэлхий ертөнцөд бүрэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхитай, шинэ эриний ухаалаг, найрсаг, эко хот болгон шинэчлэхийн төлөө хичээн зүтгэх учиртай хэмээн онцолжээ.

Мөн УИХ энэ намрын чуулганаараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, нийслэлийг бие даасан төсөв, газрын бирж, өөрийгөө хөгжүүлэх сантай, олон улсын санхүү, аялал жуулчлалын томоохон төв болгох эрх зүйн үндсийг тогтооно. Түүнчлэн үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын шинэ бодлогыг хуульчлах болно. Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэх нь Та бидний ойрын үеийн нэн чухал зорилт байх бөгөөд энэ үйл хэргийг УИХ ямагт дэмжих болно гэдгээ тэмдэглэжээ. 2019.10.29. http://www.parliament.mn/n/bzky


УИХ-ын Тамгын газрын удирдлагууд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (АНУОУХА) төлөөлөгчидтэй уулзаж, УИХ-ын Тамгын газраас хөтлөн явуулдаг forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр дамжуулан иргэд, сонгогчдоос санал авах боломжийг сайжруулах, цахим хуудасны хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цахим орчинд ажиллах мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох зэрэг асуудлаар санал солилцлоо.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамтай цахим мэдээллийн сан хөгжүүлж, хамтран ажиллаж байгаа аж. 2019.10.29. http://www.parliament.mn/n/b5ky


Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар, тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын гавьяат малчин О.Дорж, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр нарын зэрэг хүмүүс УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, тус нийгэмлэгээс саяхан зохион байгуулсан “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” малчдын анхдугаар чуулганаас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар гаргасан саналыг гардуулав. Монгол Улсын гавьяат малчин О.Дорж өөрийн биеэр хөдөө орон нутгаар явж цуглуулсан 6484 малчны гарын үсэг, чуулганд оролцсон 1000 шахам малчдын нэрийн жагсаалтыг саналд хавсаргажээ.

Энэ үеэр тус нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар хуулийн цоорхойг ашиглаж, хурдан унаа, буу зэвсэг агсаж, бүлэглэн хуйвалдсан малын хулгайчдын өмнө малчид сөхөрч байна. Тиймээс энэ талаарх эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг биднээр дамжуулан малчид маань төр, засагтаа илэрхийлж байгаа юм гэлээ. Харин Монгол Улсын гавьяат малчин О.Дорж малын хулгайчийг шийтгэхдээ богийг бодод шилжүүлж авч үздэгийг болимоор байна. Малчин хүнд нэг ишиг ч үнэ цэнэтэй. Тиймээс нэг хонь, нэг адуу хулгайлсан ч адилхан шийтгэл ногдуулах ёстой. Түүнчлэн малын хулгайг давтан үйлдсэн бол хорих ял оноодог байх нь зүйтэй байна гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв.   

УИХ-ын дарга Г.Занданшатар малын хулгайн гэмт хэрэгт ногдуулах ял, шийтгэлийг чангатгах хуулийн төслүүд өргөн баригдсаныг Улсын Их Хурал хойшлуулалгүй авч хэлэлцэхээр төлөвлөж байна. Хуульд малчдынхаа гаргасан саналыг тусгах талаар тусгайлан анхаарах болно гэдгээ хэллээ.  2019.10.29.  http://www.parliament.mn/n/ndky


Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, нийгэмд шударга ёсны хүсэмж өндөр байгаа энэ цаг үед дээрх төслүүдийн талаар хэлэлцүүлэг хийж байгааг онцлоод Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжих явцад тулгамдаж буй асуудлыг шүүх, прокурор, цагдаа болон зөрчил шалган шийдвэрлэж буй эрх бүхий байгууллагуудаас гарсан санал шүүмжлэл болон хийдэл давхардлыг арилгах, судлаачдын саналыг тусган, багц хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар энэхүү хэлэлцүүлгийг хийж байгааг дурдлаа.


Дараа нь “Хуулийн төслийн талаарх танилцуулга”-ыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хийсэн бол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Илтгэгчид гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй нийтлэг зөрчил, хөрөнгө хураах арга хэмжээ, шүүгчийг татгалзан гаргах үндэслэл зэрэг тулгамдаж буй асуудлыг илтгэлдээ хөндөж байв.

Мөн Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Д.Баянжаргал “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт” сэдвээр илтгэл тавьсан юм. Эрх бүхий байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх харьяалал давхардсан, дуудан ирүүлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс зөрчлийн холбогдогч хүрэлцэн ирэхгүй, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хуульд заасан хугацаа дуусаж, хэргийг хэрэгсэхгүй болгодог, шинжээчийн эрх, үүргийг хуульд тусгаж өгөөгүйгээс дүгнэлт гаргуулахад хүндрэл учирдаг, шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газраас батлуулахаар хуульд заасан боловч шийтгэлийн хуудсыг хэрхэн хэрэглэх нь тодорхой бус байгаа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг заалтыг иш татсан зохицуулалт олон байгаа нь хууль хэрэгжүүлэх ажиллагаанд хүндрэл учруулдаг зэрэг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг тэрээр танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Ганболд, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар болон Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Монголбанк, Сангийн яам, мөн зарим агентлаг, үндэсний , иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, хуулийн төслийн талаарх саналаа хуваалцав. 2019.10.29.  http://www.parliament.mn/n/n8ky


Засгийн газраас баталсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын дагуу улс орон даяар зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т УИХ-ын Тамгын  газар хамрагдаж, амжилттай дүгнэгдэв.

УИХ-ын Тамгын газарт “Баримт бичгийн боловсруулалт, бүртгэл хяналт”, “УИХ-ын архивыг бүрдүүлэх, тоо бүртгэл хөтлөх, хадгалалт хамгаалалт”, “Архивын баримтын мэдээллээр үйлчлэх”, “Цахим архив бүрдүүлэх” ажил холбогдох хууль, журам, заавар, стандартын дагуу явагдаж байгааг улсын үзлэгийн ажлын хэсэг дүгнэлтдээ онцлоод архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах талаар удирдлагын зүгээс идэвхи санаачлагатай ажилласан тухай дурдаж, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг хүргүүлжээ. УИХ-ын Тамгын газар нь улсын үзлэгийн үндсэн 4 шалгуур үзүүлэлтийн  дунджаар 95,8 хувь буюу “маш сайн” үнэлгээ авчээ. 2019.10.30.  http://www.parliament.mn/n/dmky


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурал-25 жил” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, тус зөвлөлдөх уулзалт нь энэ оны 11 дүгээр сарын 10-26-ны хооронд зохиогдох Найробийн дээд хэмжээний чуулганыг угтаж, “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын 25 жил”-ийн ойг тэмдэглэх, хийгдсэн ажлыг дүгнэх зорилготойгоор зохион байгуулж байгааг онцлоод Монгол Улс энэхүү чуулганд оролцоход бэлэн болсон. Юуны өмнө хүн ам ба хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бид анхаарч ирсэн гэдгийг онцлов.

Зөвлөлдөх уулзалтад “Гал голомт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Мөнхөө, Үндэсний статистикийн хорооны дарга А.Амарзаяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн ам, хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар оролцож үг хэллээ. Мөн Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон төрийн бус байгууллагын төлөөллүүд санал хэлж байр сууриа илэрхийлэв. 2019.10.29. http://www.parliament.mn/n/duky


УИХ-ын дарга Г.Занданшатар “Их засаг” олон улсын их сургуульд зочилж, тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан залуучуудтай уулзаж, дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага, түүнтэй уялдуулан Монголын боловсролын тогтолцоонд хийх өөрчлөлт шинэчлэлтийн  сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр эхлээд Монголын дээд боловсролын тогтолцооны шинэчлэлийн үйл хэргийг ямагт манлайлж, сургалтын үйл ажиллагаагаа дэлхийн жишигт нийцүүлэн, олон улсад магадлан итгэмжлэгдсэн “Их засаг” их сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан нийт багш, оюутнуудад баяр хүргэсэн юм.

УИХ-ын дарга илтгэлдээ, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл бол инновац юм. 2018 оны дэлхийн инновацын барометрийн тайланг харвал улс орнуудад инновацын гол тоглогч нь жижиг, дунд үйлдвэрлэл, компаниуд байхаа больж их, дээд сургуулиуд болон түүнийг түшиглэсэн судалгааны хүрээлэн, лабораториуд болж өөрчлөгдөж байгаа тухай  онцолжээ. Үүнтэй холбоотойгоор  боловсролын тогтолцоонд шинэ хандлага шаардагдаж эхэллээ. Инновацыг үр ашигтай хөгжүүлж, нэвтрүүлэх гол хөдөлгөгч хүч нь болсон авьяастай, шаардлагатай ур чадварыг эзэмшсэн боловсон хүчний хомсдолд дэлхий нийтээр орох магадлалтай байна. Дэлхий дахинд дипломыг биш, авьяас, мэдлэг, ур чадварыг илүүд үзэх хандлага давамгайлж байна гэдгийг онцоллоо. Мөн ажлын байрны төлөв байдал эрс өөрчлөгдөж хиймэл оюун ухаан, робот хүч түрэн орж ирж байгааг тэрбээр дурдав.


Дэлхий нийтийн энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахын тулд их, дээд сургууль, оюутан залуучууд онцгой анхаарах шаардлагатай боллоо. Төрөөс Боловсролын тухай хуулиудыг шинэчлэх, дээд боловсролын тогтолцоог өөрчлөн, дэлхийн түвшинд хүргэх бодлогын баримт бичгийг батлан гаргахаар төлөвлөж байна. Чанартай боловсрол олгох, авьяаслаг, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар бид бусдын жишигт хүрч, хөгжил дэвшлийг бүтээх болно хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Дараа нь тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн зорилго, агуулын талаар товч мэдээлэл өгч, оюутан залуучуудын асуултад хариулав.

Тус их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарт Хүндэт доктор цол олгосныг тус сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш, доктор Н.Ням-Осор уулзалтын төгсгөлд гардуулж, баяр хүргэв. УИХ-ын дарга дараа нь “Их засаг” олон улсын их сургуулийн үйл ажиллагаа, Инновацийн төвтэй танилцсан юм. 2019.10.30.  http://www.parliament.mn/n/dxky


Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдаж8 сайжруулсан түлшний талаар холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Хуралдааныг УИХ-ын гишүүн, тус дэд хорооны дарга А.Сүхбат даргалан хуралдуулсан юм.  

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ч.Гантулга дэд хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ, агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд 75.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнийг 32 арга хэмжээнд зарцуулахаар үндэсний хорооноос шийдвэрлэн, өнөөдрийн байдлаар 54.73 тэрбум төгрөгийг зарцуулах эрх зүйн акт бүрдэж, гэрээний дагуу санхүүжилт хийгдээд байгааг танилцуулав. Мөн тэрээр Уланбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух, уурын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 6 хувийг цахилгаан станц, 4 хувийг хог, шороо, хөрсний бохирдол үүсгэж байна. Агаарын бохирдлын 2019 оны эх үүсвэрийн тооллогоор 196 588 айл өрхийн зуух, 2 742 уурын зуух, 501 683 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн, одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байна гэсэн тоон мэдээллүүдийг өгөв. 

Мөн Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын 2018 оны жилийн дундаж агууламжийг өмнөх оны жилийн дундаж агууламжтай харьцуулахад PM 2.5 тоосонцор 12 мкг/м-ээр, азотын давхар исэл 5 мкг/м-ээр бага байсан бол PM 10 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж өмнөх оны түвшинд байсан гээд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм. 


Дараа нь Нийслэлийн онцгой комиссын мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулж, сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. 2019 оны 10 дугаар сарын 02-29-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 298 удаагийн дуудлагаар 701 иргэнд, үүнээс 315 хүүхэд, 389 том хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, 44 хүнийг эмнэлэгт хэвтүүлж эмчилсэн болон 8 хүн /3 хүүхэд, 5 том хүн/ нас баржээ. Мөн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлж, шинжилгээний хариу болон туршилт хийж шалгасан тухай мэдээллийг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэсэн, түүнчлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, нөөц, хүртээмжийн талаар танилцуулав. 

Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж танилцуулгадаа, цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан 8 хүний амь нас хохирсон дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 3 хүн нь нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан, бусад хохирогчдын дүгнэлт одоогоор гараагүй байгааг хэллээ.  Түүнчлэн цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан юм. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгөв. 2019.10.30. http://www.parliament.mn/n/d5ky


Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолын дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах асуудлаар Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзаж мэдээлэл сонсов.  

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул хүчингүй болгох шийдвэрийг албан бичгээр хүлээн авснаа мэдэгдээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах журам, зохицуулалтыг шинээр баталж, хэрэгжүүлсэн эсэх, өнгөрсөн 6 сарын хугацаанд төлбөрийг давхардуулан авсан тохиолдол гарсан эсэх талаар Сангийн яам, Татварын ерөнхий газраас тодруулсан юм. Сангийн яамнаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах ямар нэгэн журмыг шинээр батлаагүй, өнөөдрийн байдлаар ийм тохиолдол гараагүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд танилцуулав.

Байнгын хорооны дарга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.2 дахь заалтын дагуу Байнгын хорооноос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах тул хуулийн төслийг Ажлын албатай хамтран боловсруулж, танилцуулахыг Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд чиглэл болгов. 2019.11.01. http://www.parliament.mn/n/rzky


Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, нутгийн малчдын мал сүргээ өсгөдөг гол нутаг, аргаль, янгир, ирвэс зэрэг дархан цаазтай амьтдын идээшин амьдардаг, эмийн болон ховор ургамал ургадаг газар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд өртөж, устаж үгүй болоход хүрээд байгаа талаар ярилаа.

Тус сумын Үнэгт багийн Их дугуй хэмээх газарт “Гацуурт” ХХК 2006 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авчээ. Улмаар 2009 онд “Урт нэртэй” хуулийн хүрээнд лиценз нь түдгэлзсэн ч “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд дахин сэргэсэн байна. Түүнээс хойш “Тулга жаргалант”, “Эрдэнэ хулгана интернэйшнл” гэх компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар дээрх нутаг руу удаа дараа дайрсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөг хүрчээ. Тиймээс 2017 оны 10 дугаар сарын 05-нд Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дээрх газар нутаг багтсан нийт 28860 га газрыг Байгалийн нөөц газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар аймгийн тусгай хамгаалалтад авсан байна.


Гэвч энэ зун, намраас эхлэн “Эрдэнэ хулгана интернэйшнл” компани ашиглалт, олборлолт явуулахаар зэхэж, газар нутаг руу нь дайрч эхэлсэн байна. Тиймээс багийн 120 орчим малчин өрхийн идээшил нутаг, 20 гаруй өвөлжөө, хаваржаатай, Бөөнцагаан нуур, Байдраг, Галуутын голуудын цутгал, Хангайн нуруунаас эх авсан Өлзийт голын ай сав, рашаан булагтай, отрын бүс нутгийг уул уурхайн сөрөг нөлөөнд автуулахгүй байх, “Гацуурт” ХХК-ийн MV011917 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар арга хэмжээ авч өгөхийг дээрх иргэд УИХ-ын даргаас хүсэв. УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлыг холбогдох яам, байгууллагуудад тавьж,  шийдвэрлэхэд анхаарахаа илэрхийлэв.  2019.11.01. http://www.parliament.mn/n/r9ky


УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны их танхимын үүдэн дэх зориулалтын цэгт очиж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ёс зүйгүй авир гаргасан байж болзошгүй гэдэг асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байгааг сэтгүүлчид лавлахад:

-Үндсэн хуулийн цэцийн даргын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд шуугиан гарч байна. Үндсэн хуулийн цэцийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргаж, хууль журам зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна.

Үндсэн хуулийн цэцээс бидэнд өгсөн мэдээллээр бол Үндсэн хуулийн цэцийн дарга өөрөө ийм асуудалд холбогдоогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харилцсаны улмаас нисэх онгоцны буудал дээр тухайн иргэнийг саатуулах асуудал гарахад нь Үндсэн хуулийн цэцийн дарга Монгол Улсын иргэний хувьд тухайн иргэнийг өмгөөлснөөс болоод үл ойлголцол, буруу ташаа мэдээлэл тарсан гэж байна. Үүнийг нягталж, шалгасны үндсэн дээр Улсын Их Хурал холбогдох арга хэмжээг авч ажиллах болно. Үнэхээр хэрэг зөрчил, дутагдал гаргасан бол төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын зарчмын дагуу хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ нэг талын мэдээллээр асуудалд хандаж болохгүй. Тиймээс сайтар нягтлаад, бодит мэдээлэлд тулгуурлан шийдэх ёстой.

Бид Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн өндөр дээд албан тушаалтнаас авахуулаад төрийн бүх шатны алба хаагчдын түвшинд ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээг мөрдүүлж, ёс зүйн зарчмыг хуульчилна. Бид шинэ хуулиар ёс зүй, сахилга хариуцлагыг цоо шинэ шатанд гарган тавих болно гэлээ.


Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай асуудлын талаар өгсөн тайлбартаа “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай асуудлаар ҮХЦ-ийн тогтоол гарсан. ҮХЦ-ийн тогтоол эцсийн шийдвэр байдаг. УИХ яаралтай арга хэмжээ авч, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон УИХ-ын тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Төсөвт 1.3 их наяд төгрөгийн алдагдал үүсэж, төсвийн орлого тасрах асуудал гаргахгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг өөрчлөх асуудлаар Ажлын хэсэг ажиллаж байна. Ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийх, завших, төлөхгүй өнгөрөх нөхцөл үүсгэхгүйгээр зохицуулах боломжтой” гэдгээ хэллээ. 

Түүнчлэн БНХАУ-ын 800 орчим иргэн Монгол Улсад хууль зөрчиж, үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн, иймээс виз олгосон болон шалгаж хянаж байх үүрэгтэй хүмүүст хариуцлага тооцох уу?, “Жаран тэрбумын” гэх асуудалд нэр холбогдсон хүмүүст шүүхээс хариуцлага хүлээлгэлээ. Тэгвэл “ЖДҮ авсан” гэх хүмүүст хариуцлага тооцох уу гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр энэ талаар хэлэхдээ, 800 хятад иргэнтэй холбоотой асуудал “мөнгө угаах”-тай холбоотой гэж үзэж байгаа. Онлайн мөнгөн гүйлгээг олон улсын түвшинд хууль бусаар хийж байж болзошгүй эрсдэлийг таслан зогсоох асуудалд онцгой анхаарсан нь том түлхэц боллоо гэж харж байна. Манай тусгай албад эхнээс нь сайн ажиллалаа. Хил, гаалиар 1000 компьютер, 10.000 гар утас орж ирж байхад яагаад илрүүлсэнгүй вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. “Аялал жуулчлалын” визээр орж ирчихээд ийм үйл ажиллагаа эрхэлснийг ч шалгах ёстой. Холбогдох арга хэмжээ авна.

ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд 20 гаруй жил бугшсан идээ бээр өнгөрсөн жил ил болсон. Хариуцлага тооцох талаар УИХ-ын түвшинд хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. УИХ-аас Тендерийн тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тухай хууль, Тусгай сангуудын тухай хууль зэргийг шинэчилж, өөрчилж байгаа нь энэ мэт замбараагүй байдалтай тэмцэж, хариуцлага сахилгыг нэмэгдүүлж буй нэг гол чиглэл юм гэлээ.

Харин Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай асуудлыг Та хөндөж тавьсан. Энэ асуудал ямар түвшинд байгааг сонирхоход:

-Монгол Улсад 430 гаруй банк, санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоод ажиллаж байна. Тэдний үйл ажиллагаанд тавих хараа хяналт сул байна гэсэн асуудал “Саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан байсан. Тиймээс хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхийг чиглэл болгосон гэдгээ хэллээ. 2019.11.01. http://www.parliament.mn/n/fmky


                                                                            

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2019-11-03 17:50  252