ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.05.13-17/

  2019-05-20 09:10  390

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд М.Такаока Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах, Япон-Монголын сургалтын эмнэлэг байгуулах төслийн ажлын талаар хөндөж ярив. Эдгээр хоёр төслийн үйл ажиллагаанд Японы менежментийг нутагшуулахаар хоёр тал хэлэлцэн тохирсон бөгөөд нээлт нь тун удахгүй болох гэж байгаа билээ. 2019.05.13 http://www.parliament.mn/n/ptpy

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс өмнө () Мал эмнэлгийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 95 жил болж байна. 1950-аад оноос эхлэн Монгол Улс эрдмийн зэрэг хамгаалсан өөрийн судлаачидтай болж, 1961 оноос чухал хэрэгтэй салбаруудын лабораториуд байгуулагдсаны нэг нь Мал эмнэлгийн хүрээлэн юм. 2019.05.13 http://www.parliament.mn/n/pfpy

 

“Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлууд, түүний учир шалтгаан, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр нар Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр салбарын яамдаас хийж буй ажил, авч буй арга хэмжээ, түүний үр дүн, тулгамдсан асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. 2019.05.14 http://www.parliament.mn/n/p7py

 

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо хуралдаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нараас мэдээлэл сонсох,  Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэхээр тогтов. 2019.05.14 http://www.parliament.mn/n/qbpy

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. АТГ-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү танилцуулав. 2019.05.14 http://www.parliament.mn/n/q7py

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар 2018 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслолыг гүйцэтгэв. 2019.05.14 http://www.parliament.mn/n/q3py

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн  зарцуулалтын үр дүнтэй танилцах  нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлыг хэлэлцэв. 2019.05.15 http://www.parliament.mn/n/xppy

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл 2019” уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчдыг Төрийн ордонд хүлээн авч, амжилттай оролцсон сурагчдад шагнал гардууллаа. 2019.05.15 http://www.parliament.mn/n/xtpy

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь  Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар  Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. 2019.05.15 http://www.parliament.mn/n/xjpy

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон Я.Содбаатар, Н.Амарзаяа нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. 2019.05.15 http://www.parliament.mn/n/xipy

 

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан-г сонсож, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Төрийн албаны зөвлөл болон Засгийн газарт зарим чиглэл, зөвлөмж өгөхөөр тогтлоо. Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. 2019.05.15 http://www.parliament.mn/n/x3py

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. 2019.05.15 http://www.parliament.mn/n/x7py

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан уул дүүргийн зарим хороод, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өглөө. 2019.05.15 http://www.parliament.mn/n/obpy

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнанхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл –ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхлэв. 2019.05.16 http://www.parliament.mn/n/otpy

 

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2019.05.16 http://www.parliament.mn/n/oipy

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. уралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж эхлэв. 2019.05.17 http://www.parliament.mn/n/tbpy

 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны 1-р орлогч Калашников Сергей Вячеславович болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар  2017 онд ОХУ-д Монгол-Оросын хамтын ажиллагааны уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархаж, хоёр орны Парламентын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм. 2019.05.17 http://www.parliament.mn/n/tfpy

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Вячеславович Калашников тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд парламент хоорондын хамтын ажиллагаа, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. 2019.05.17 http://www.parliament.mn/n/tjpy

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс  хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас  өргөн мэдүүлсэн  Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж, эмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг" хэлэлцэн, Хүний эрхийн Үндэсний комиссоос ирүүлсэн зургаан бүлэг, 25 саналыг судлан Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өглөө. 2019.05.17 http://www.parliament.mn/n/t7py

Хүүхэд хамгааллын асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бямба гаригт  буюу Бурхан багшийн дүйчин өдрөөр үргэлжлүүлэн ажиллаж, төрийн халамж шаардагдсан хүүхдүүдийг асарч, сурган хүмүүжүүлдэг байгууллагуудаар явж, үйл ажиллагаатай нь танилцлаа. 2019.05.18 http://www.parliament.mn/n/u6yo

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 


  2019-05-20 08:35  390