Цэс

Холбоо барих

Инфографик: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүй улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Улсын Их Хурал энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг ойлгомжтойгоор нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно. 

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад ашигт малтмалын нэр төрөл, ангилал, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна. Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч нөөц ашигласны төлбөрийн баримт, суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасч тооцно гэж зааж өгсөн. 

Ингэснээр ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэг л удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлсэн.

 

Улсын Их Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл