Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ ТУХАЙ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн нэр бүхий гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн 2013 оны 4 дүгээр 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин танилцуулсан бөгөөд уг саналд Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн тухай, төрийн албан хаагчдыг халсан тухай, хууль бус томилгоонуудыг хийсэн тухай, ажилгүйдлийн тоог нэмэгдүүлсэн тухай, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан шийдвэр гаргасан тухай, гадаад харилцааны асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн тухай, ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай болон бусад огцруулах үндэслэлүүдийн тухай тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан 21 гишүүн Ерөнхий сайд болон Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг танилцуулсан гишүүдээс асуулт асууж, хариулт авч, 25 гишүүн өөрийн байр суурийг илэрхийлэн үг хэлсэн болно.

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч байгаад анхаарлаа хандуулах; үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гэх асуудалдаа дүгнэлт хийх; төрийн албан хаагчдын томилгоог хуулийн дагуу хийх; ёс зүйн алдаа гаргахгүй байх; дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх; бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах; ажилгүйдэл ядуурлыг бууруулах; хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарлахгүй байх; Монгол Улсын гадаад бодлого, хоёр хөрш оронтой харилцах харилцаанд нааштай эргэлт гаргах талаар анхаарч ажиллах шаардлагатай гэж сануулж, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ тайлбарласан болно. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс Монгол хүний үндсэн эрх, эрх чөлөө гадаад улс орнуудад ноцтой зөрчигдөж байгаад анхаарах; аливаа асуудалд улс төржихгүй бодиттой хандах; улс төрийн хүчнүүд хамтран ажиллах; бүх асуудлыг Үндсэн хуулийн маргаанд татан оруулах алхам хийхгүй байх; зэрэг саналуудыг хэлсэн болно.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл хоёр том нам эх орныхоо хөгжлийн эрх ашгийн төлөө нэг зүгт харж нийгмийн олон төрлийн хэсэг бүлэгт хандсан үйл ажиллагаа явуулах тал дээр хамтран ажиллах шаардлагатайг сануулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг Монгол Ардын намын бүлгийн гишүүдээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцоруулах үндэслэлийг авах, гээхийн ухаанаар хандаж бүхэлд нь авч үзвэл огцоруулах хэмжээний үндэслэл харагдахгүй байна гэсэн саналуудыг тус тус хэлсэн болно.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь уг саналыг дэмжээгүй болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                               А.БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл