Цэс

Холбоо барих

Инфографик: Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ХООРОНДЫН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНДЫН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

Монгол Улсад шинэ коронавируст халдвар /КОВИД19/ зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоолоор 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. 


Эдгээр арга хэмжээтэй уялдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэх хэрэгцээ байгаа тул Нийслэлийн 3 эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ гарч байна. 

Шинэ коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахалтай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад нийт 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий “Монгол Улсад КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг тус тус байгуулаад байна. 

Олон улсын хөгжлийн ассоциациас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь байна. 

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 13.8 сая ам.долларын зээлийн хүү нь LIBOR 6 сар (0.99 хувь + Хувьсах хүү (2 хувь) байх ба хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь байна.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл