Цэс

Холбоо барих

Ж.Гомбожав: Онгоцоор нисэж явахдаа дуудагдаж, буцаад ирж байлаа

ПАРЛАМЕНТ-30

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буланд нийтэлж байгаа билээ. Анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хурлын даргаар ажиллаж, Анхны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг сонгох, Улсын Бага Хурлыг байгуулах түүхэн үйл хэргийн хөтөч хийсэн Жамбын Гомбожав гуайн шинэ Үндсэн хууль батлалцаж явсан үеийнх нь дурсамжийг толилуулж байна.


    Тэрбээр 1992-1996 оны парламентад Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж, 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, төрөө түшиж явсан билээ. 

    1990 оны гуравдугаар сарын 21-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон БНМАУ-ын АИХ-ын депутатуудын сонгуулийн хуулийн төсөл боловсруулах асуудлыг хэлэлцсэнээр шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх ажил эрчимтэй эхэлсэн гэж үзэж болно.

    1990 оны есдүгээр сарын 3-нд БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн анхдугаар чуулганаар БНМАУ-ын Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлыг сонгож ажилд нь оруулсан. Улмаар Улсын Бага Хурлын анхдугаар чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг 1990 оны аравдугаар сарын 4-нд байгуулсан. Энэ үед БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Улсын Бага Хурал гэсэн дээд, доод хоёр хуралтай байсан юм. Миний бие БНМАУ-ын АИХ-ын даргын хувьд бусад дөрвөн орлогч, 5 байнгын комиссын дарга, ажлын албаны 3 хүний хамт Үндсэн хуулийн төслийг АИХ-ын хоёрдугаар чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах ажилд оролцож байлаа.

    Төсөл боловсруулах комисс Үндсэн хуулийн төслийг боловсруулж, УБХ-аар хэлэлцүүлээд ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр шинэ Үндсэн хууль хэлэлцэгдэж батлагдсан гэвэл, тийм биш ээ гэж хэлэх байна. Олон арван саад бэрхшээл тохиолдож байсныг миний бие сайн мэдэх боловч өөрийн сайн мэдэх нэг л тодорхой баримтыг бичье.

    1991 оны тавдугаар сард Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин Доржоос хурдан буурал азаргыг нь “Монгол адуу” нийгэмлэгт худалдаж авах зорилгоор Ч.Хурц бид хоёр Баруун-Урт хот руу онгоцоор нисэж билээ. Гэтэл Хэрлэнбаян-Улаан хавьд нисэж явсан чинь онгоцны дарга над руу ирээд “П.Очирбат Ерөнхийлөгч таныг энэ онгоцоороо буцаад ирээч” гэж байна гэв. Тэгээд Сүхбаатарт буугаад, тэр онгоцоороо буцаж ирлээ. 


    П.Очирбаттай уулзлаа. “Хөөе! Цаана чинь 100 гаруй депутат цуглаад УБХ, Засгийн газрын үйл ажиллагааны тухай, алт дилерийн тухай хэлэлцэнэ, АИХ-ын ээлжит бус чуулган хийнэ гээд байна. Маргааш уулзана гэсэн. Одоо яах вэ” гэдэг юм байна. Бид нэлээд ярилцсаны эцэст ээлжит бус чуулган хийхгүй, харин АИХ-ын депутат, орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг бүсчилсэн байдлаар хийж, Үндсэн хуулийн төсөл, УБХ, Засгийн газрын үйл ажиллагааны тухай орон даяар хэлэлцүүлэг хийе хэмээн санал тохирч, депутатууддаа тайлбарлаж, тэд нар маань ойлгож, бүсчилсэн зөвлөгөөнийг 1991 оны зургадугаар сарын 26-28-нд Архангай, Дундговь, Ховд, Хэнтий, Дархан хотод, долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотод хийхээр болж, 1991 оны тавдугаар сарын 28-нд АИХ-ын даргын захирамж гаргаж билээ.

    Хэрвээ ийм арга хэмжээ авахгүйгээр УБХ, Засгийн газар, алт дилерийн асуудлыг хэлэлцсэн бол УБХ, Засгийн газар огцорч, Үндсэн хуулийг хэлэлцэх ажил удаашрах байсан гэдэгтэй тэр үеийн депутат байсан нөхөд надтай санал нийлэх байх гэж боддог.

    Бүсчилсэн зөвлөгөөний дүнгийн тухай УБХ-аар хэлэлцэж тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолд шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх, хянан боловсруулах ажилд оролцох талаар БНМАУ-ын АИХ-ын депутатуудын гаргасан санаачилгыг дэмжиж зохион байгуулах, Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг сонгуулийн нийт тойрогт зохион байгуулах, уг ажлыг АИХ-ын депутатуудын уулзалттай уялдуулан холбох тухай заасан байв.

    АИХ-ын депутатууд Үндсэн хуулийн төслийг боловсронгуй болгох талаар чуулган болохоос ч өмнө идэвхтэй оролцож байсан юм. АИХ-ын удирдлага, түүний ажлын албанаас АИХ-ын чуулганыг 21 хоногт багтаан хийнэ гэж төсөв, байр, унаа, бусад асуудлыг бэлтгэсэн юм.

    1991 оны арван нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын “Их цааз”-ын төслийн ажлын хэсгүүдийн ажлыг уялдуулан зохицуулах, депутатуудын санал нэгтгэх үндсэн дээр төслийг найруулан засаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх Депутатуудын хороог 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар нь миний бие ажилласан юм. Хорооны дэргэд “Их цааз”-ын үндсэн бүлгүүдээр 4 хэсэг байгуулж ажилласан.


Манай хороо чуулганы чөлөө, завсраар байнга хуралдана, намын бүлэг, ажлын хэсэг, депутатуудын хэсэг, бүлгүүдтэй уулзаж, тэдгээрийн саналыг Үндсэн хуульд томьёолж тусгах ажлыг эрхэлдэг байлаа. Манай хорооны анхдугаар хуралдаанаар хорооны нарийн бичгийн даргаар 15 дугаар тойргийн депутат Д.Лүндээжанцанг сонгож, Монгол Улсын “Их цааз”-ын төслийн эх баригчаар УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимид, депутатуудын хорооны нарийн бичгийн дарга Д.Лүндээжанцан нарыг томилсон юм.

Депутатуудын хороонд орж ажиллаагүй зарим депутатууд хороо чухам ямар ажил хийж байсныг сайн мэддэггүй юм билээ. Депутатуудын хороо нь АИХ-аас анхны хэлэлцүүлгээр тогтсон зарчмын тохиролцоог үндэслэн депутатууд болон “Их цааз”-ын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын томьёолон өгсөн саналыг нэгбүрчлэн хянан үзэж төсөлд зохих нэмэлт, өөрчлөлт хийх хууль тогтоомжийг техник, хэл найруулгын талаас нь нягтлан хянаад товч тайлан, санал, лавлагаа бэлтгэх журам баримтлан ажилласан.

“Их цааз” хуулийн анхдугаар хэлэлцүүлгийг 1991 оны арван нэгдүгээр сарын 18-наас арван хоёрдугаар сарын 24-нийг хүртэл явуулж, хоёр дахь удаагийн хэлэлцүүлэгт зориулж Депутатын хорооноос оруулах санал дүгнэлтийн тухай илтгэл тавьсан. Уг илтгэлд нэгдүгээр бүлэгт утга агуулгын болон найруулгын чанартай 16 засвар, хоёрдугаар бүлэгт 24 засвар, гурав, дөрөвдүгээр бүлэгт 57 засвар, тавдугаар бүлгийн 64 дүгээр зүйлд “Их цаазын цэц маргааныг хянан шийдвэрлэх” гэснийг “дүгнэлт гаргах, маргааныг хянан шийдвэрлэх” гэж өөрчлөхөөр Депутатын хорооноос санал оруулж байгаа тухайгаа Ардын Их Хуралд оруулж байжээ.

Депутатын хороо хэрхэн ажиллаж байсан нэг жишээг хэлье. Төрийн сүлдний талаар олон санал, бүтээл ирсний дотроос УБХ зураач Ш.Тэнгисболдын зурсан хувилбарыг АИХ-д оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байсан. Хуралдааны явцад ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гарган, зарим уран бүтээлчдийн саналыг сонссон. Эцэст нь Ц.Ойдовын бүтээлийг авахаар тохирсон. Ц.Ойдов ч депутатуудын саналыг авч, зарим засвар хийсэн. Ингээд зураг бэлэн болсон. Харин Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т хэрхэн томьёолж бичих асуудал үлдсэн. Ажлын хэсгийн гишүүн Д.Маам, манай хорооны хариуцсан депутатууд эхийг гаргасан.

Уг эхийг тэр үеийн Соёл урлагийн хорооны дарга Б.Бадар-Ууганд үзүүлж албан ёсны саналыг авахад тэрбээр, “Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна” гэдэг өгүүлбэрийн “сүлжсэн” гэдэг үгийг санал болгож байж билээ.

Талийгаач П.Мөнхдорж хурлын завсарлагаанаар Ш.Тэнгисболдын төсөл, Америкийн цэргийн тэмдэг хоёрын зургийг надад үзүүлж, ийм сүлдтэй болж яагаад ч болохгүй шүү гэж бухимдангуй хандаж байж билээ. Тэр маань маргааш нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ.

Надад хадгалагдаж байгаа Үндсэн хуулийн арын хуудсанд депутат Б.Энхтуяа:

Хар цагаан хөхөл нь төрийн туг болон намирсан

Хатан дөрвөн туурай нь ертөнцийн талыг тамгалсан

Харийн газрын овьёосонд нутгаа мартаж идээшээгүй

Халхын заяа хүлэг морио сүлдэндээ өргөмжилж чадлаа

Монголоо алдахгүй гэж морьтойгоо үлдлээ

Хүнээ алдахгүй гэж үнэнтэй үлдлээ гэж бичсэн бол Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав:

Адуу нийгэмлэгийн Гомбожавын

Аргамаг нь сүлдэндээ давхиж явна

Төрсөн нутаг нь Сүхбаатар ч

Төрөлх сэтгэл нь Төв аймагтаа гэжээ.


    Дал гаруй хоног хуралдахад янз бүрийн үйл явдлууд тохиолдож байсан. Тэр бүгдийг бичих бололцоо алга. Нэг зүйлийг бичье. Тэр үед аймгийн дарга нар аймгийнхаа депутатуудын хэсгийн ахлагч нар байлаа. Үндсэн хуулийн зарим заалтыг хэлэлцэх явцад гацаа үүснэ. Гацаанаас гарахын тулд П.Очирбат, Д.Бямбасүрэн нар “Их тэнгэр”-т зоог барьдаг байлаа. Д.Моломжамц Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, би Орон нутгийн хурал, захиргааны хэлтсийн дарга байсан. Та хоёр нөгөө хэдийгээ цуглуул, салхинд гаръя гэдэг байлаа. Ийм арга хэмжээг хэд хэдэн удаа зохион байгуулснаар “гацаа”-наас гарч байж билээ.

    Үндсэн хууль батлагдсаны дараа 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурлын дэд даргаар миний бие дөрвөн жил ажилласан юм. УИХ-ын дэд дарга нь УИХ-ын даргын эзгүйд түүний үүргийг гүйцэтгэх, УБХ-ын байнгын хороод, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, УИХ-ын даргаас даалгасан бусад ажлыг биечлэн эрхэлж байхаар УИХ-ын тухай хуульд заасан байдаг. Энэ чиг үүргийнхээ дагуу УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанаас хэлэлцүүлэх асуудлын бэлтгэлийг хангуулах, дарааллыг тогтоох, хууль тогтоолын биелэлтэд хяналт тавих асуудлыг хариуцаж байв.     Үндсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ямар ямар хуулийг УИХ-аар нэн даруй хэлэлцүүлэх талаар хуулиар тогтоосон байсан. Тэр үүргийг хэрэгжүүлэх зорилтыг тавьж, биелүүлэх арга хэмжээг авсан юм. 1992-1996 он манай орны хувьд хүнд жилүүд байсан. Далан жил ажиллаж, тусалж байсан нөхдүүдээсээ дэмжлэг туслалцаа бараг авахаа больж, эх орны үйлдвэрүүд тогтмол ажиллаж, ард түмнээ өргөн хэрэгцээний бараагаар хангаж чадахгүй байв.

    Дэлгүүрийн лангуун дээр бор давс, гоймон хоёроос өөр элбэг дэлбэг бараа байхгүй. Улаанбаатар хот гэрэл, ус, автобусны байнгын гачигдалтай байсан. УИХ, Засгийн газар ард түмэнтэйгээ хамтран бүсээ чангалсны үр дүнд 1994-1995 оны үеэс зарим ахиц өөрчлөлт гарч билээ.

    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бодит бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй боловч ахиц өөрчлөлт гарсантай хэн ч маргахгүй байх аа.

    Цаг хугацааны явцад Үндсэн хуулийн зүйл заалтыг сайжруулах оролдлогууд гарсаар ирсэн. Үндсэн хуульд засвар, өөрчлөлт оруулна гэдэг амаргүй.     Гурван парламент дамжин яригдаж, дөрвөн удаа хуулийн төслийг боловсруулагдсан ч үр дүндээ хүрэлгүй “замхарсаар” ирсэн. Гэвч Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадсан.

    Бүх хүний хүсэл зоригт нийцэхгүй байж болох ч энэ парламентын хийсэн өөрчлөлт ямар болсныг цаг хугацаа шалгах биз ээ. 

    Эцэст нь Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент болон түүний Тамгын газар байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын мэндийг үе үеийн хамтран зүтгэгчдэдээ өргөн дэвшүүлье. 

Монголын Үнэн сонин 2020.10.27  /206 дугаар/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл