Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулагдсан юм. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Аймгийн төвүүдийн тулгамдсан асуудлын нэг болсон агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлшний үйлдвэрлэл үр дүнтэй арга болох нь Улаанбаатар хотын жишээгээр харагдсан. Иймд лобби бүлгийн гишүүд Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах нь бүс нутгийн агаарын бохирдлыг бууруулахад газар нутгийн байрлал болон дэд бүтцийн хувьд ч чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа юм байна.
“Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” УИХ-ын албан бус лобби бүлэгт Ш.Адьшаа, Т.Аубакир, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг нарын гишүүд нэгдэхээ илэрхийлээд байна.