Цэс

Холбоо барих

Сургалтын төрийн сангийн зээлийн ашиглалт, төлөлт, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай (2013.05.16 № 04)

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААН БОЛОН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ
ТОГТООЛ

2013 оны 04 дүгээр                                                Дугаар 04                               Улаанбаатар
сарын 16-ны өдөр                                                                                                               хот


Сургалтын төрийн сангийн зээлийн ашиглалт, төлөлт, төсвийн хөрөнгийн
ашиглалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай

           Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай:

1/Сургалтын төрийн сангийн зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох, нийтэд мэдээлэх харилцааг зохицуулах журмыг шинэчлэн боловсруулж 2013 оны эхний хагас жилд багтаан гаргах;

2/Сургалтын төрийн сантай гэрээ байгуулан гадаадад суралцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эзэмшсэн мэргэжлээрээ төрийн байгууллагад 5 жил ажилласан бол зээлээс бүрмөсөн чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгож 2013 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдүүлэх;

3/эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ төрийн байгууллагад 2-оос доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа иргэдийн зээлийн барьцааны үндсэн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх;

4/Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгсөөд эх орондоо ирсэн мэргэжилтнүүдийг гэрээний дагуу захиалагч байгууллага дараалал харгалзахгүйгээр эхний ээлжид ажлын байраар хангах, тухайн төгсөгчийг захиалагч байгууллагадаа ажиллах гэрээний хугацаа дуусахаас өмнө хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол хууль бусаар ажлаас чөлөөлсөн этгээдээр сургалтын төлбөрийг төлүүлэх зарчмыг мөрдөж ажиллах;

5/Сургалтын төрийн сантай гэрээ байгуулан гадаадад суралцахаар явсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй иргэдийн мэдээллийг тухайн оронд суугаа Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон холбогдох бусад байгууллагатай хамтран эзэн, холбогдогчдыг тодруулж тогтоох, зээлийн өрөө барагдуулаагүй иргэдийн барьцаанд тавьсан үндсэн хөрөнгийг борлуулан зээлийг төлүүлэх;

6/инженер-технологийн чиглэлээр дэлхийд шатлалаараа 100-д багтдаг нэр хүндтэй их сургуулиудад төрөлхийн гоц авьяастай, улс, тив, дэлхийн олимпиадуудад эхний гурван байрт орсон хүүхдүүдийг төрийн зардлаар сургахад тавих шалгуурыг хөнгөрүүлэхгүй байх, эдгээр авьяастай хүүхдүүдийг гадаад хэлний тусгайлсан бэлтгэлд хамруулж эдгээр сургуулиудад элсэх бэлтгэлийг хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх;

7/төрийн сангийн зээлийг мэргэжлийн ямар чиглэлээр олгох, зарцуулалт, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг ил тод нээлттэй болгон суралцахыг хүсэгчдэд мэдээлэл олгодог тусгай төв байгуулах;

8/Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль болон магистрантур, докторантурт суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэлийг холбогдох яамдаас гаргуулан авч нийтэд мэдээлэх, захиалгын дагуу нийтэд нээлттэй шалгаруулан суралцуулах,

9/олон улсын нэр хүндтэй сургуулиудад Засгийн газраас тодорхойлсон эрэлттэй мэргэжил болон хөдөлмөрийн зах зээлд чухал шаардлагатай байгаа өндөр технологийн болон инженер, нийгмийн чиглэлийн мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх;

10/энэ тогтоолын хэрэгжилтийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний дотор цаашид жил бүрийн улсын төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хороонд тогтмол мэдээлж байх.

2.Энэ тогтоолын хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.





НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ,                                     ТӨСВИЙН БАЙНГЫН
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН                                     ХОРООНЫ ДАРГА
ХОРООНЫ ДАРГА



З.БАЯНСЭЛЭНГЭ                                                                                              Ц.ДАВААСҮРЭН







Хуваалцах:

Холбоотой мэдээлэл