Цэс

Холбоо барих

“ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Х.Тэмүүжин
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах саналыг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд оруулсан билээ.
Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 21-ний, 6 дугаар сарын 4-ний өдрүүдийн хуралдаанаараа тус тус хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн болно.

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсгийг үндэслэн санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                 А.БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл