Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2016 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР ХЗБХ-НООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,



Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгуулахаар Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын гишүүдээс 312 хууль, Улсын Их Хурлын 27 тогтоолын төслийн талаар санал ирүүлснээс нийт 191 хууль, Улсын Их Хурлын 23 тогтоолын төслийг боловсруулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Баярцогт, Ц.Оюунбаатар нар Үндсэн чиглэлийн төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тусгах, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар зарим хуулийн төслийг өргөн мэдүүлэх хугацааг наашлуулах, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт эдийн засгийн шинэчлэлийн зарим гол хуулиуд нь тусгагдаагүй, зарим хуулийн төслийн нэр, зохицуулах асуудал нь ойлгомжгүй байгааг анхаарах, хавсралтад тусгасан хууль, тогтоолын төслүүдийг үйл ажиллагааных нь чиглэлээр нь ангилах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан одоо мөрдөгдөж байгаа хууль, тогтоолыг бүхэлд нягтлан үзэж, хуулийн давхардал, зөрчлийг арилгах зэрэг саналуудыг тус тус гаргаж байсан болно.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                 Ш.ТҮВДЭНДОРЖ


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл