Цэс

Холбоо барих

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны тогтоол

2013 оны 7 дугаар                                                                                            Дугаар 01                                                 Улаанбаатар       
сарын 10-ны өдөр                                                                                                                                                                          хот
 

Монгол Улсын 2012 оны төсвийн
гүйцэтгэл баталсантай холбогдуулан
авах арга хэмжээний тухай

 

        Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос ТОГТООХ нь:

        1.Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд орон нутагт ажиллахдаа улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаа гэрээт хугацаандаа тодорхой шалтгаангүйгээр гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж ирэх;

        2.Улсын төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх үүднээс Засгийн газрын худалдан авах ажиллагаанд дээрх жагсаалтад багтсан аж ахуйн нэгжүүдийг оролцуулах эсэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос байгуулан ажилллах;

           3.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай:

                 1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 онд төлөвлөсөн орлого тасалдсанд дүгнэлт хийж, орлогын төлөвлөгөөг 2013 оны төсвийн жилд бүрэн биелүүлэхэд бүх нөөц, бололцоог дайчлан ажиллах;

             2/Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төсвийн үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа зураг төсвийн компаниуд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох газрууд хууль, хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийж, тодорхой арга хэмжээ авах;

              3/Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтын журмыг эргэн хянаж боловсронгуй болгох, гүйцэтгэгч аж ахуйн нэгжид олгодог урьдчилгаа хөрөнгийг шуурхай олгох.

           4/Төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсвөө зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулж ажиллахад хяналт тавьж, төсвийн сахилгыг бүх шатанд баримталж ажиллах;

              5/Төсвийн хөрөнгийг үргүй зарцуулахыг хориглох, төсвийг аль болох хэмнэх, хэмнэсэн төсвийг хуулийн хүрээнд зарцуулах.

 

 

 

                    ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН
                    ДЭД ХОРООНЫ ДАРГА                                                                                          Ж.ЭРДЭНЭБАТ

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл