Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Б.Гарамгайбаатар, З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Ц.Цолмон, Д.Ганбат нар 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Чингис бонд”-ын хөрөнгөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн явц байдалтай танилцав.

Энэ салбарт дараах таван чиглэлээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилт шийдэгдсэн байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 126 дүгээр тогтоолоор:

-Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл 68,8 (жаран найман сая найман зуун мянган) сая ам.доллар хүртэлх;

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор:

-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27,7 (хорин долоон сая долоон зуун мянган) сая ам.доллар хүртэл;

-Хүлэмжийн аж ахуй байгуулахад 17,4 (арван долоон сая дөрвөн зуун мянган) сая ам.доллар хүртэл;

-Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45,0 (дөчин таван) сая ам.доллар хүртэл;

-Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13,5 (арван гурван сая таван зуун мянган) сая ам.доллар хүртэл хөрөнгө оруулалтын зээлийг олгох шийдвэр тус тус гарсан.

Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн бүтэц бүрэн бүрдээгүйгээс төслийн санхүүжилт нэлээд удсан боловч 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох дөрвөлсөн гэрээ”-г Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Голомт банк хамтаран байгуулсан. Улмаар 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк, Голомт банк хоорондын гэрээгээр төслийн нийт санхүүжилт болох 172,400,000 нэг зуун далан хоёр сая дөрвөн зуун мянган ам.долларыг Голомт банканд шилжүүлсэний дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх төслийн нэгжүүдээс төслүүдийг Голомт банканд хүргүүлсэн талаар ҮХААЯ-ны удирдлагууд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүд Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох ажлын талаар тайлбар авсны гадна, сурагчийн дүрэмт хувцасны чанар, үнэ, загвартай танилцаж , фермерүүд зах зээлийн жамаар сүүний хэд хэдэн үйлдвэрт сүүгээ нийлүүлдэг байх боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах, бондын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр ашиг, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, явцын талаар Байнгын хороонд сар бүр мэдээлж байх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.



Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл