Цэс

Холбоо барих

Нэгдсэн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 2016 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уншиж танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо 2017 оны хоёрдугаар сарын 07, 09, 10-ны өдрүүдийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Төслийн 5.1 дэх хэсэгт “банк нь” гэсний дараа “үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж, төслийн 8 дугаар зүйлд “экспорт, импортын санхүүжилт хийх” гэсэн 8.1.9 дэх заалт, 19.2 дахь хэсгийн “хувьцаа эзэмшигч” гэсний дараа “нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож,” гэж, 20 дугаар зүйлд “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гаргасан саналынхаа төлөө Компанийн тухай хуулийн 84.8, 84.9 дэх хэсэг, 85 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ." гэсэн 20.5 дахь хэсэг, 23 дугаар зүйлд “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах журмыг батлах” гэсэн 23.1.7 дахь заалт тус тус нэмэх, түүнчлэн хуулийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх тухай зүйл төсөлд нэмэх саналуудыг тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар төслийн 5, 6, 7, 8, 10, 18, 19, 21, 22, 23, 25, 28 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналын томъёоллууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн дээрх саналын томъёоллуудаар санал хураалт явуулан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6-д заасны дагуу нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн 25.1, 25.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк батлах, Монголбанкны хянан шалгагч Хөгжлийн банкинд хяналт тавих тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 2 дэх зүйлтэй нийцүүлэх шаардлагатай болсон байна.

Дээр дурдсан зөрчлийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын горимоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудтай нийцүүлэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдээс хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин, хуулийн төслүүдийг баталлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Аль ч улсын төрт ёсны шударга байдлын шалгуурт эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэх тогтолцооны шударга байдал чухал байр суурь эзэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг  хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс боловсруулсан гэлээ.

Хууль санаачлагч хуулийн төслийг боловсруулахдаа мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны сайн туршлага, олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэх, бусад орны эрүүгийн процессын хуулийг судалж дэвшилтэт зохицуулалтыг харгалзах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн заалт болон Нэгдсэн Үндэстний Байгууллагаас ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэх чиглэлийг барьсан байна гэж Хууль зүйн байнгын хороо үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа хэлсэн.


Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Ө.Энхтүвшин нар асуулт асууж, хариулт авсаны дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Дараа нь Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа.

Тэрбээр, “Хууль зүйн байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажпын хэсэг байгуулсан бөгөөд ажпын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтан орж ажилласан аж.

Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, гэрээнүүд, ажлын дэд хэсгийн шалгалтын дүн, материалыг судалж үзээд Монгол Улсын хууль тогтоомжууд зөрчигдсөн хэмээн үзсэн бөгөөд Байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж, Улсын Их Хурлын бүрэн эрхэд хууль бусаар халдаж хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах ёстой гэж үзжээ.


Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дээрх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа  илэрхийлсэн юм.

Дараа нь ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир тогтоолын төсөл батлагдлаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Өнөөдөр Монгол Улсын нийт 230 гаруй хуульд заасан зөрчлийг хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэн, нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэж, зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага оногдуулах эрх бүхий 26 албан тушаалтны шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг Зөрчлийн тухай хуулийн төсөлд заасантай нийцүүлэн тусгажээ. Мөн зөрчил шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах эсэхийг даруй шийдвэрлэх, харьяаллын дагуу шилжүүлэх үндэслэл, журам, прокурорын хяналтыг тогтоож, харьяаллын бус шалтгаанаар иргэдэд учирдаг чирэгдлийг багасгах зохицуулалтыг тусгасан хэмээн сайд танилцуулсан.

Мөн эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох чиглэлээр үзлэг хийх, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, эд зүйл, баримт бичиг хураан авах, эд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэх үндэслэл, журмыг ажиллагаа бүрийн онцлогт нийцүүлэн ялгаатай байдлаар тусгасан байна.

Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг өөр өөрөөр тогтоож байсныг халж, зөрчлийг 30 хоногт багтаан шийдвэрлэх буюу эрх бүхий албан тушаалтан 15 хоногт, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол хугацааг удирдах албан тушаалтан нь 15 хоногоор нэг удаа сунгах зохицуулалтыг оруулжээ.

Хууль зүйн байнгын хороо хоёрдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ гаргасан байна.

Тус санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгалын зэрэг олон салбарын байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Гаалийн тухай болон Татварын ерөнхий хууль зэрэг салбарын хуулиар зохицуулж байна.

Энэ нь эрх зүйн хэм хэмжээний давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, улмаар салбарын хүрээний дүрэм, журмаар хүний эрхийг хязгаарлаж байгаа нь зөрчил шалган тогтоох болон шийтгэл оногдуулах ажиллагааг харилцан адилгүй, тэнцвэргүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг төрийн хяналт шалгалтаас ялгаатай байдлаар зохицуулаагүйгээс салбарын онцлог нэрийн дор салбар бүрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандарт тогтоож, хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, хууль тэгшээр үйлчлэх зарчмыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх шаардлага нь тус хуулийн төслийг боловсруулах үндэслэл болж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэлээ.

Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, М.Оюунчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.


Эцэст нь Улсын Их Хурлын дарга 2016 оны намрын чуулганыг хааж үг хэлснээр 2016 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл