Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны ажлын хэсгийн хуралдааны товч тойм

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны товч тойм /2013.10.16/
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий, Эдийн засгийн болон БОХХААБХ-ны 2013-10-04-ний өдрийн 20 дугаар хамтарсан тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2013 оны 10 дүгээр сарын 16-ний өдрийн 16.30 цагт Төрийн ордны 334 тоот хуралдааны танхимд хуралдав.
Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, С.Ганбаатар нар оролцож, БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Ц.Рэнцэнтогтох, Уул, уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнууд байлцав.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажлын дэд хэсэгтэй хамтран ажиллах мөн малчид эрдэмтэдийн төлөөллийг оролцуулах тэдний үгийг сонсох усны эх бүрэлдэх талбайг 100 хувь хамгаална гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Арвин хуулиар хориглосон хилийн заагт ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хэдэн гадаад дотоодын аж ахуйн нэгж байгаа, хэд нь хөрөнгө оруулаад үйл ажиллагаа явуулж байсан, нөхөн сэргээлт хийсэн болон хийгээгүй орхисон хэдэн аж ахуйн нэгж байгааг аймаг, сум дахь байршлаар нь, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг дотор орсон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг нарийвчлан гаргаж Ажлын хэсэгт танилцуулахыг дэд ажлын хэсэгт үүрэг болгов.

Ажлын хэсгийн хуралдаан 17.40 цагт өндөрлөв.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл