Цэс

Холбоо барих

Архитай тэмцэх тэмцлийг шинэ шатанд гаргах цаг болсныг анхааруулжээ

Энэ оны аравдугаар сарын эхээр Сөул хотноо Дэлхийн архины хяналтын бодлогын чуулган болж 50 гаруй орны 600 гаруй бодлого боловсруулагчид оролцсон бөгөөд Монгол Улсаас Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулсан энэхүү чуулганы гол зорилго нь дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй архины хэрэглээ, тэр дундаа өсвөр насныхан, залуучууд, охид бүсгүйчүүдийн архины хэрэглээ, архинаас үүдэлтэй гэмт хэрэг, зам тээврийн осол, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөлөөлөлтэй тэмцэх тэмцлийг шинэ шатанд гаргах цаг нь болсоныг анхааруулсан байна.

Согтууруулах ундааны хортой хэрэглээнээс үүдэх хор уршиг дан ганц архи уудаг хувь хүн төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрийн бүтээмж буурах, хүчирхийлэлд өртсөн хохирогч нар, архинаас үүдэлтэй осол гэмтэл, тэдгээртэй холбоотой эрүүл мэнд, нийгмийн хамгааллын өртөг зардал гээд нийгмийг бүхэлд нь хамарч эдийн засгийн үлэмж их алдагдлын шалтгаан болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ тооцоолжээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн амьдралынхаа 29 жилийг дунджаар алддаг ба эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ний 0.45-5.44 хувьтай тэнцдэг байна.

Өнөөдөр дэлхий дээр нийт нас баралтын шалтгааны гуравдугаарт архи орж байна. Жил бүр 2.5 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж, үүнээс 320000 нь 15-29 насныхан байна.

Архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад эрс нэмэгдэж байгаа нь өндөр хөгжилтэй орнуудаас шахагдаж буй архи үйлдвэрлэгчид хөгжиж буй орнууд руу хүч түрэн орж байгаатай холбоотой юм.

Иймд энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд улс орон бүхэн архины хяналтын тухай хууль тогтоомжийг яаралтай батлах зүй ёсны шаардлага гарч ирээд байна.

Аливаа улс орны архины хяналтын тухай хууль болон бодлогод баримтлах хэд хэдэн зарчмыг энэ чуулганаар батлан гаргалаа. Үүнд: архи худалдан авах болон архи хэрэглэх цэгийн тоог эрс багасгах, архины доод үнийг нэмэгдүүлэх, архин бүтээгдэхүүний бүх төрлийн зар сурталчилгааг хориглох, архи хэрэглэх болон худалдан авах доод насыг нэмэгдүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход оногдох арга хэмжээг чангатгах асуудал юм.

Монгол улсад байдал ямар байна вэ?

ДЭМБ жилд нэг хүнд ноогдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литрт хүрч, хэрэглээ буурахгүй, донтогсод нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.

“Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”-аар архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 18.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь болж 8.6 хувиар нэмэгдсэний дотор эрэгтэйчүүдийн дунд 27.3 хувь байсан бол 39.7 хувь болж 12.4 хувиар, эмэгтэйчүүдийн дунд 10.3 хувь байсан бол 2009 онд 15.1 хувь болж, 4.8 хувиар тус тус нэмэгдсэн. Архины зүйлийн осолт хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байна. Тухайлбал, 2011 онд 499 хүн нас барж, 2004 онтой харьцуулахад 3 дахин, 2010 онтой харьцуулахад 1.5 дахин тус тус өсчээ. “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа“ (2010)-аар сурагч өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согтотлоо хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, оюутнуудын сургууль, амьдарч байгаа орчноос 100 м хүрэхгүй газар яваад архи, согтууруулах ундаа авч болдог гэжээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүүхдийн 80 хувь, хараа хяналтгүй хүүхдийн 86 хувь нь архи, тамхи хэрэглэх, тэнүүчлэх, компьютерт донтох өвчтэй, тэдний эцэг эхчүүдийн 86 хувь нь архины хамааралтай байна. Таван өрх тутмын нэг нь архины хэрэглээтэй холбоотой эмгэгт өртөж байгаагийн дотор гэр бүлийн тогтворгүй байдал, сөргөлдөөний шалтгааны 97 хувь, гэр бүл салалтын шалтгааны 58.3 хувийг архидалт эзэлж гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины ба хүчингийн гэмт хэргийн 90 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Цагдаагийн байгууллагаас 2009 онд явуулсан судалгаагаар согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын 1 нь гэр, орон сууцанд үйлдэгдэж байна.

2012 оны байдлаар улсын хэмжээнд бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 92 аж ахуйн нэгжийн нийт 144 үйлдвэр, үүнээс 16 спиртийн, 93 архины, 14 дарсны, 21 шар айрагны үйлдвэр нийт 152 нэр төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэж байна. 2008 онтой харьцуулахад 2011 оны байдлаар архи, дарсны үйлдвэрлэл 1,6 дахин, шар айрагны үйлдвэрлэл 3 дахин нэмэгдсэн байна. 2007-2011 онд нийт 200.9 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн нь жилд дунджаар 10.7 сая литрээр буюу 23.5 хувиар өссөн төдийгүй зөвхөн сүүлийн дөрвөн жилд согтууруулах ундааны үйлдвэрлэл 1.8 дахин өссөн байна. Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 % спирт, 32% архи, 49% -ийг пиво тус тус эзэлж байна. Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундааг импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ.

Согтууруулах ундааны маркетингийн арга нь улам бүр нарийсч, уламжлалт телевиз, радио, хэвлэл ашиглахын зэрэгцээ интернэт, гар утас зэрэг шинэ суваг ашиглан сурталчилгаа явуулж урлаг, спортын арга хэмжээг ивээн тэтгэх, урамшуулалт худалдаа явуулах, “нийгмийн хариуцлагатай бизнес”, ”нийгмийн хамтын хариуцлага” гэдгээр халхавчлан оюутан сурагчдад тэтгэлэг өгөх, амьжиргааны түвшин доогуур хүмүүст дэмжлэг үзүүлэх, олон улсын болон үндэсний спортын уралдаан тэмцээн, аялал, урлагийн тоглолтыг ивээн тэтгэх, урлаг, соёлын одууд, алдартай тамирчдыг оролцуулан бүтээгдэхүүнээ сурталчлах, малгай, цамц зэрэг хэрэглээний бүтээгдэхүүнээр дамжуулан согтууруулах ундааны брэндийг сурталчлах, худалдаалах цэгүүдэд сурталчилгаа явуулах зэрэг маркетингийн олон аргыг ашиглаж байна.

Манай улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучуудын дунд архидан согтуурах явдал газар авсаар байна. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шар айраг хэрэглэж буй хэрэглэгчдийн 80 орчим хувь 15-25 насны залуучууд болох нь харагдаж байгаа ба нийт хүн амын ихэнх хувийг залуучууд эзэлдэг манай орны хувьд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж зохих арга хэмжээг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.

360 хүн тутам 1 архи борлуулах цэг оногдож байгаа нь бусад орны дунджаас хэд дахин өндөр байна.

2013 оны эхний 8 сарын байдлаар импортоор оруулсан согтууруулах ундааны тоо хэмжээ өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн нь Монгол улс гадаадын үйлдвэрлэгч нарын хувьд хамгийн таатай улс орны тоонд орсоны жишээ юм.

Энэ бүхнээс дүгнэлт хийхэд сүүлийн 10 гаруй жил өөрчлөлт хийгдээгүй “Архидан согтууралтыг хянах тухай” хуульд томоохон өөрчлөлт хийж, архины хяналтыг чангатгах цаг нь болсныг харуулж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл