Цэс

Холбоо барих

Байнгын хороо "Ажилтай, орлоготой Монгол залуу" чуулга уулзалтыг хамтран зохион байгуулав

Ажилтай, орлоготой Монгол залуу” чуулга уулзалт зохион байгуулав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” чуулга уулзалтыг 2013 оны 10-р сарын 26-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Уулзалтанд 21 аймаг, сумдын залуучуудыг төлөөлөн 800 гаруй оюутан залуус оролцож, төсөлт арга хэмжээнийхээ тайланг танилцуулав.Уулзалтанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зэрэг хүндэт зочид оролцлоо.

Чуулга уулзалтанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ үг хэллээ.Тэрээр хэлсэн үгэндээ Улсын Их Хурал орчин үеийн техник, технологийн өндөр ур чадвар эзэмшсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, залуучуудыг эх орондоо ажиллаж, амьдрах бүхий л нөхцөл бололцоогоор хангах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлээд оюутан залуучуудыг их бүтээн байгуулалтанд оролцуулж, сум, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулан “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэв.

Зуны амралтынхаа хугацаанд төрөлх сум, орон нутгийнхаа ард олонд орчин үеийн боловсролын тэргүүлэх чиглэл болох мэдээлэл зүй, англи хэл болон жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийн удирдлагын чиглэлээр мэдлэг мэдээлэл хүргэж, хүн амын эрүүл мэндийн болон бусад хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлж, ажил хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч, идэвх чармайлт, үр бүтээлтэй ажилласанд оюутан залуучууддаа талархал илэрхийллээ.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл