Цэс

Холбоо барих

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаан 15 цаг 12 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Тус Байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даргалан хуралдуулсан юм.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан юм.

Сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж тус тус заажээ. Түүнчлэн уг хуулийн 16.6 дахь хэсэгт гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор зохицуулсан байдаг.

Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулахаар тогтоохоор тусгажээ.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын танилцуулга, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгуулийн авотматжуулсан системийн тухай хуульд Улсын Их Хурал сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах; сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэр гаргуулах саналаа энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлжээ.

Энэ үндсэн дээр тус Байнгын хороо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус Байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнийг чуулганы энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүдийг төлөөлөн үг хэлж, уг хуулийн төсөл нь Үндсэн болон бусад хуулийн заалттай харшилж байгаа, хуульд нэмэлт оруулах гэж буй заалт нь өөр хоорондоо зөрчилдсөн агуулгатай байгаа, мөн энэ өөрчлөлт нь төрийн захиргааны албан тушаалд улс төрийн албан тушаалтнууд орж ажиллахад хүргэж мэдэхээр байгаа тул хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах горимын санал гаргасан юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн 10.5-д заасан иргэдийн Хурлын төлөөлөгч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллахыг хориглоно” гэсэн агуулгатай 10.6 дахь заалтыг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Мөн тэрбээр уг хуулийн 2 дугаар зүйлийн хасч, хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх санал гаргасан нь дэмжигдлээ.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтов.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Монгол Улсын иргэн... шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” болохыг тунхаглаж, ард түмнээс засаг төрөө байгуулж тохинуулах, иргэдээс төрийн үйл ажиллагаанд оролцох улс төрийн эрхийг баталгаажуулсан. Энэ эрхийг мөн Иргэний болон улс төрийн эрхийн пактад баталгаажуулсан байдаг. Түүнчлэн иргэдээс төрийн үйл хэрэгт хэрхэн оролцох, нөлөөлөх талаар Үндсэн хуульд “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна”, “сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” хэмээн тодорхойлсон байна.

Гэвч хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах, санал асуулга явуулах зэрэг арга хэрэгсэл нь хууль зүйн хувьд хангалттай зохицуулагдаагүй, иргэд болон төрийн байгууллага, албан тушаалтны хоорондын харилцааг нарийвчлан тодорхойлоогүйн улмаас иргэд бодитойгоор төрийн үйл хэрэгт нөлөөлөх, оролцоогоо хангах, улс төрийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрэн хангагдаагүй явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд иргэд, байгууллагуудаас хуулийн төслийн тухай саналаа уламжлах харилцаанд хамаарах иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг, сонсгол хийх тухай хууль тогтоомжийг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа 105 хуульд иргэний оролцооны хэлбэрүүд болох төрөөс мэдээллийг хүртээмжтэй байлгах, ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахдаа иргэдээс саналыг нь авах буюу зөвлөлдөх, иргэний идэвхтэй оролцоог хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалт байгаа боловч хуулийн зохицуулалтууд нь харилцан адилгүй, нэгдмэл бус, уялдаагүй байгааг хөндлөнгийн судалгааны байгууллагаас дүгнэсэн байна.

Иймээс иргэний төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хангах зорилгоор иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид хэрхэн уламжлах, УИХ-ын болон өөрийн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулах, иргэд тодорхой тооны гарын үсэг зурж нэгдэн хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах асуудлыг хуульчлан зохицуулахаар Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төслийг анхдагч төслийн хэлбэрээр боловсруулах агаад нийт 7 бүлэгтэй юм. Хуулийн төсөлд сонгуулийн эрх бүхий 5000 иргэн хамтран хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар, сонгуулийн эрх бүхий 10 000 иргэн хамтран Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар тусгажээ. Мөн хууль тогтоомжийн төслийн тухай саналаа уламжлахаар санаачлагчдын бүлэг 5-9 хүнтэй байгуулах, шаардлагатай тооны гарын үсэг цуглуулахаар зарлах, цуглуулах, түүнд тавигдах шаардлага, үргэлжлэх хугацаа, хүчингүйд тооцох талаар зохицуулсан байна. Түүнчлэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг сонгуулийн эрх бүхий иргэдийн 4 хувьтай тэнцэх тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх, Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуульд заасны дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи оролцож, олонхи нь дэмжсэн тохиолдолд шийдвэрлэгдсэн гэж үзэхээр тусгасан байна.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх уг хуулийн төслийг Австрали, АНУ-ын Калифорни муж, Беларусь, Казакстан, Киргизстан, Косово, Латви, Литва, ОХУ, ХБНГУ-ын Доод саксон муж, Швейцарь, Эстони зэрэг улсын ард нийтийн санал асуулгын талаархи хууль тогтоомжийг харьцуулан судалж, мөн олон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын судалгаа, үнэлгээнд тулгуурлан боловсруулсан. Мөн хуулийн төсөл дээр батлагдсан арга зүйн дагуу үр нөлөөний үнэлгээ болон Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн нийцлийн үнэлгээг шинжээчдийн багаар хийлгэж, санал дүгнэлтийг тусгасан.

Хуулийн төслийг 21 аймаг, орон нутгийн болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудаар нийт 31 удаа хэлэлцүүлж, 1700 орчим хүн оролцсон бөгөөд нийт агуулгын хувьд багцалбал 200 зарчмын болон найруулгын санал гарсныг ажлын хэсгээс төсөлд тусган сайжруулж боловсруулсан гэдгийг дурдлаа.

Ингээд хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж байна, гэхдээ энэ хуулийн төсөл нь маш том асуудлыг хөндсөн, шинэ Үндсэн хуулиас хойш иргэдийн улс төрийн эрхийг улам бататган баталгаажуулахад чиглэсэн сайн талтай хэдий ч хэрэгжилт нь ямар байх бол гэдэгт итгэл үнэмшил төдий л сайнгүй байна. Иймээс төслийг заалт нэг бүрээр нь ярилцаж, тун болгоомжтой, ихээхэн нухацтай хандах шаардлагатай гэдгийг хэлж байв.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл