Цэс

Холбоо барих

Д.Мөнхөө: Хүнийг хувийн өмчтэй байхыг зөвшөөрсөн явдал бол шинэ Үндсэн хуулийн нэг гол зүйл

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байгаа билээ.


Энэ удаа  Ардын Их Хурлын 33 дугаар тойргоос сонгогдсон депутат Доржийн Мөнхөөтэй уулзаж, ярилцлаа.

-Та Үндсэн хууль баталсны ач холбогдлыг хэрхэн дүгнэдэг вэ?

-1992 онд Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан явдал бол зөвхөн Монгол Улсын асуудал байгаагүй юм. 1990-ээд онд дэлхий даяар, тэр дундаа социалист систем бүхэлдээ өөрчлөгдөж, томоохон өөрчлөлт гарсны нэг хэсэг нь Монгол Улсад болсон үйл явц, шинэ Үндсэн хууль баталсан явдал билээ.

Шинээр хийсэн зүйл гэвэл Ардын Их Хурлын депутатуудыг ард түмэн өөрсдөө сонгосон. Энэ хүмүүс шинэ Үндсэн хуулийг баталсан.

Хүнийг хувийн өмчтэй байхыг зөвшөөрсөн явдал бол шинэ Үндсэн хуулийн нэг гол зүйл. Хүний эрх болоод бусад зүйл огт байгаагүй зүйл биш л дээ.

-Үндсэн хууль батлах үйл явц амар байгаагүй байх?

-Үндсэн хууль батлах үйл явц тийм амар байгаагүй. 70 шахуу хоног, томоохон маргаан мэтгэлцээн болсон. Зөвхөн төрийн сүлдийн тухай хэлэлцэхэд гурван хоног маргалдаж байсан. Хүн бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлж, бодол санаагаа уралдуулж байсан. Нөгөө талаас амаргүй хүнд сорилтыг давсан хэлэлцүүлэг болсон юм.

Шинэ Үндсэн хууль батлагдсан явдал бол ганц Монголд биш дэлхийн системд гарсан томоохон өөрчлөлтийн шууд тусгал байсан гэдгийг энд хэлэх ёстой байх.

Социалист систем тэр аяараа өөрчлөгдөж, үнэт зүйлүүд нь ач холбогдлоо алдаж, олон шинэ зүйл Үндсэн хуульд туссан. Тэрхүү Үндсэн хууль өнөөг хүртэл мөрдөгдөж, Монгол орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна.

Бидэнд эргэж харах ёстой, бодох ёстой зүйл бий гэж хувь хүнийхээ хувьд боддог.

Монголын төр ард түмний өмнө ямар түүхэн үүрэг, хариуцлага хүлээх вэ, түүнийг хэрхэн үнэлж дүгнэх вэ гэдэг том асуудал байна. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогын асуудал сүүлийн 30 жилд тийм дорвитой явсангүй. Саяхнаас хөгжлийн бодлого эмхэрч, тодорхой зорилтууд тавигдаж байх шиг байна.

Өдгөө боловсронгуй болоод сайжраад явж байгаа Үндсэн хуулийн анхны суурийг тавьсан, дэлхийн ерөнхий хандлагыг тусгасан Үндсэн хууль байсан. Хүний эрхийн асуудал, өмчийн харилцаа, төрийн байгууллын системийн асуудалд томоохон өөрчлөлт хийсэн гэж хэлж болно. ийм том үйл явцад оролцсондоо би баяртай байдаг. Тухайн үед 40 гаруй настай залуу байсан. Үндсэн хуульд тусгуулахаар хүний эрхийн, нийгмийн хамгааллын, эмэгтэйчүүдийн асуудлаар тодорхой саналууд тавьж, зарим үед хүмүүсийн дургүйг хүргэж, зарим үед дэмжлэг авч явсан.

-Үндсэн хуульд нэг биш удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа. Энэ талаарх таны байр суурь…?

-Цаашдаа Үндсэн хуулиа байнга боловсронгуй болгож сайжруулж явах ёстой гэж бодож явдгаа энд тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Гэхдээ жил бүр Үндсэн хуульд гар хүрээд бай гэсэн үг биш. Монгол орны өөрийнх нь онцлог, хөгжлийн ирээдүйг бодож Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, эрх зүйн орчинг бүрдүүлж байх шаардлагатай гэж боддог. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл