Цэс

Холбоо барих

Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс

2009 оны зургадугаар сарын 2-ны өдөр батлагдсан Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэс нь Редакцын болон Экспертийн хэсэгтэй ажиллахаар зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнээр тус албаны суурь тавигджээ. Улмаар 2012 онд Тамгын газрын орон тоог шинэчлэн батлахдаа Экспертийн хэсгийн орон тоог нэмэгдүүлэн тогтоосон байна.

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 111 тоот захирамжаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн харьяанд Эрх зүйн экспертийн алба байхаар өргөжүүлэн 6 ахлах зөвлөх, 2 зөвлөх, 3 референт, 2 шинжээч гэсэн нийт 13 орон тоотойгоор өөрчлөн зохион байгуулжээ.

Улмаар Тамгын газрын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн бүтцийн өөрчлөлтөөр Эрх зүйн шинжилгээний ахлах зөвлөхүүд Байнгын хороодын ажлын албадад хуваарилагдан, төслийн эхийг хариуцан ажиллах болсон.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр шинэчлэн баталж, өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төсөлд эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахыг Тамгын газрын Хууль, эрх зүйн газарт хариуцуулсан.

Энэ чиг үүргийн хүрээнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 578 тоот захирамжаар Хууль, эрх зүйн хэлтсийг Хууль, эрх зүйн газар болгон өөрчлөн зохион байгуулж, тус газрын харьяанд Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийг шинээр байгуулсан.

Тус хэлтэс нь Редакц, кодификацийн алба гэсэн дотоод нэгжтэйгээр чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үндсэн чиг үүрэг:

Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиг үүргийг эрхлэн гүйцэтгэнэ.

Редакц, кодификацийн албань хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн бүрдүүлбэр хянах, баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг хянах, хууль тогтоомжийн нэгдсэн сан бүрдүүлэх, ангилах, хууль тогтоомжийн лавлагаа, мэдээллээр үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл