Цэс

Холбоо барих

Ерөнхий сайд Барилга, хот байгуулалт ба зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалт ба зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.


Барилгын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор барилга, барилгын материалын салбарт баримтлах бодлогыг шинэчлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг дотоодын нөөц бололцоонд түшиглэн бүсчлэн хөгжүүлэх, улмаар гадаадад экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Уг ажлын хүрээнд байгаль орчинд ээлтэй, дулааны алдагдалгүй, галд тэсвэртэй барилгын материал үйлдвэрлэх зорилгоор барилгын угсармал хийц бүтээцийн үйлдвэр, дулаалгын материал, төмөрлөгийн үйлдвэрийг бодлогоор дэмжин, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна хэмээн Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд хэлсэн.

Мөн Замын-Үүдийн чөлөөт бүсэд барилгын материалын бөөний хангамжийн сүлжээ байгуулах, Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн болон Багануур үйлдвэрлэл, технологийн паркын ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа аж.


Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үр дүнд 2017 оны нэг дүгээр улирлаас эхлэн цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэглээг 100 хувь хангаж, улмаар экспортлох боломжтой болжээ. Түүнчлэн барилгын материалд шаардлагатай эрдэс, түүхий эдийн ордын нөөцийн хэмжээг төрөлжүүлэн судлах ажлыг зохион байгуулж, зарим ордын нөөцийн хэмжээг тогтоосон байна.

Иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд 120 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 2017 онд Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын дуусаагүй орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж байгуулна. Мөн Улаанбаатар хотод “Буянт ухаа 2” орон сууцны хорооллын дуусаагүй 972 айлын 18 барилгыг 2017 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, цаашид хэрэгжүүлэхэд бэлэн болсон “Буянт ухаа 2-2”, “Буянт ухаа 3”, “Эко яармаг”, “7 дугаар хороолол” зэрэг орон сууцны хороолол, хотхоны төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эдгээр төслүүд хэрэгжснээр нийт 8717 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой болно гэж Ерөнхий сайд хэллээ.

2017 оны 3 дугаар сарын байдлаар 1028 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчийн тоо 90.4 мянгад хүрсэн байна. Үүний 77.8 хувь нь орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан байна.

Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг тус тус үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 20000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор нийслэлийн 24 байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, 8 байршилд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй аж. Тус 32 байршилд нийтдээ 85190 иргэдийн 17667 нэгж талбарын 1615.8 га талбай хамрагдах бөгөөд энэ нь нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамрах юм байна.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан 7 дугаар хороолол, Буянт-Ухаа, Ирээдүй, Яармаг зэрэг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажилд 12.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж дуусах шатандаа ороод байна гэлээ.

Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Нийслэлд 1000 айлын түр суурьших орон сууцыг барьж ашиглалтад оруулах” зорилтын хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах зориулалтаар БНХАУ-аас олгох 350,0 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмын бүсэд 1000 айлын түр суурьших орон сууц барихаар бэлтгэл ажлыг хангуулжээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт авто замын салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн авто замын сүлжээг бий болгох зорилтын хүрээнд 2017 онд 21 чиглэлийн 1412.77 км хатуу хучилттай авто зам, 3 байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг улсын төсвийн 5.29 тэрбум, Хөгжлийн банкны 23.84 тэрбум, гадаадын зээл, тусламжийн 509.93 тэрбум, нийт 539.06 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх аж.


Эдгээрээс шинээр 7 чиглэлийн 506.5 км авто замын барилга болон их засварын ажлыг эхлүүлэхээр, он дамжин хийгдэж байгаа 14 чиглэлийн 973.26 км авто зам болон 3 байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм байна.

Авто замын салбарт он дамжин баригдаж байгаа авто зам, гүүрийг энэ онд дуусган ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 80 хувь, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто замын барилга, гүүрийн их засварын ажил 60 хувь, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар буюу концессын гэрээгээр хэрэгжиж байгаа авто зам, хөвдөг гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй яваа юм байна.

Авто замын хөдөлгөөний эрчим ихтэй хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 эгнээ бүхий 4 дүгээр зэрэглэлийн 220 км авто замыг 1 дүгээр зэрэглэлийн хоёр урсгалтай, 4 эгнээтэй цемент бетон хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлэхээр урьдчилсан судалгааг хийж, зураг төслийг боловсруулж дууссан бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр энэ хавраас хэрэгжүүлж эхлэх аж.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд 2017 онд Дорнод аймаг, 2018-2020 онд Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөж байна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн их даацын 250 орчим км авто замын ажлыг энэ оны тавдугаар сараас эхлүүлж, 18 сарын хугацаанд барьж дуусгахаар хөрөнгө оруулагч талтай хэлцэл хийж байна хэмээн Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав нар асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүрэгт, Туул голын эрэг хавиар ажиллаад буй хайрганы карьер тойрсон олон асуудал байна. Үүнийг шийдэх ямар арга хэмжээ авах вэ хэмээн тодруулсан.

Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат, Засгийн газрын гишүүд өнгөрсөн долоо хоногт дүүргүүдэд ажиллсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Туул голэн эрэг хавиар ажиллаж буй хайрганы карьеруудад газар дээр нь ажиллаад цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргасан байгаа. Засгийн газраас Туул голын эрэг хариар ажиллаж буй хайрганы карьеруудыг бүгдийг нь зогсоох чиглэлийг өгсөн. Цаашид Туул голын дагуу хайрга олборлох карьер ажиллахгүй гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг 2015 онд батлагдсан. Энэ хөтөлбөр хэр урагштай яваа вэ. Барилгын салбар дампуурлын ирмэгт ирлээ. Барилгын компаниудыг зээлийн дарамтаас суллахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ гэж асуусан.

Ерөнхий сайдын хариулснаар, Орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах зорилготой “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2015-2021 онд хэрэгжих бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, эдгээрээс 12160 айлын орон сууцны санг шинээр, 7840 айлын орон сууцны санг зах зээл дээр ашиглагдаж байгаа түрээсийн байрны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах замаар бүрдүүлэх аж. Өнгөрсөн хугацаанд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны санд нийт 1512 айлын орон сууцыг шилжүүлсэн байна.

Түрээсийн орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээг “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-д тулгуурлан өрхийн дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар хот, хөдөө орон нутагт ялгавартай тогтоон 2017 онд мөрдөх түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрийн хэмжээг нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар тус тус тогтоон мөрдүүлж эхэлжээ.

Ерөнхий сайд барилгын салбарын бодлогогүй үйл ажиллагаанаас үүдэн хүндрэл үүсээд байгаа гээд одоо нэмж барилга барихаасаа илүүтэй, баригдсан барилгуудыг худалдах авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж хэлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн дараа Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл