Цэс

Холбоо барих

Зөвлөлдөх санал асуулгын хоёр, дөрөвдүгээр сэдвийг танилцуулав

Төрийн ордонд өнөөдөр (2017.04.29) эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулга үргэлжилж байна. Үдээс хойш 13.10 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар санал асуулгаар хэлэлцэх  “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвүүдийн талаархи танилцуулгыг хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулгадаа, Өнөөдөр та бидний хэлэлцэх чухал сэдвийн нэг нь “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” асуудал  юм.

              

Энэ сэдвийн хүрээнд нэгдүгээрт, Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгодог болох, хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасахтай холбогдсон асуудлыг хөндөж ярилцах болно.

 

Олон улсын туршлагаас харахад парламентын бүгд найрамдах улсад төрийн тэргүүн нь гагцхүү улс үндэстнийхээ бүрэн эрхт байдал, эв нэгдлийг илэрхийлэгч байдаг, түүнийг парламентаас сонгодог, Ерөнхийлөгч ихэнхдээ хууль санаачлах эрхгүй, Засгийн газрын өдөр тутмын ажилд тэр бүр оролцоод байдаггүй.

 

Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу Монгол Улс парламентын засаглалтай улс хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрх эдэлдэг, бусад хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмэгдүүлэх боломж  нээлттэй. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох бодит боломжийг олгодог. Иймээс төрийн эрх мэдлийн хуваарилалтыг илүү тодорхой болгох, үндэсний эв нэгдлийг бататгах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг сонгодог парламентын тогтолцоотой улс орнуудын жишигт ойртуулах, төрийн тогтолцоонд эзлэх байр суурийг нь төгөлдөржүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

 

Дээрх шаардлага нь Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх гол үндэслэл болсон.



 

Ажлын хэсгээс явуулсан  санал асуулга, фокус бүлгийн ярилцлагын дүнгээс үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх, эсхүл хумих,  Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх эсэх талаар иргэдийн санаа бодол хуваагджээ. 

 

Энэ сэдвийн нэгдүгээр асуудлын хүрээнд Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатайгаар сонгодог байсныг 6 жилийн хугацаатайгаар сонгох, ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох, 1 удаа улируулан сонгодог байсныг зөвхөн 1 удаа сонгохоор өөрчлөх саналыг Үндсэн хуульд тусгах эсэхийг та бүхнээр хэлэлцүүлэхээр оруулж байна. Судлаачид уг асуудалд олон талаас ханддаг.  Тухайлбал, зарим судлаачид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг уртасгаж,  түүнийг сонгох процессыг өөрчилснөөр улс төрийн тэмцэл, зөрчил арилж, улмаар Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байх нөхцөл хангагдахаас гадна Ерөнхийлөгч улс төрийн хүчнээс ангид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх боломж бүрдэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал хэмнэгдэнэ гэж үздэг.

 

Харин зарим нь дээрх өөрчлөлтийг  ард түмэн дэмжих магадлал бага, дахин сонгогдохгүй Ерөнхийлөгч идэвхигүй, улс төрийн аливаа хямралын үед итгэлтэй, зоримог ажиллаж, шийдэмгий арга хэмжээ авахаас зайлсхийж болзошгүй, мөн улс төрийн бүх эрх мэдэл нэг улс төрийн хүчний гарт төвлөрөх, хариуцлага, хяналт сулрах эрсдэлтэйгээс гадна улс төрчид давамгайлсан бүрэлдэхүүнээс сонгогдсон Ерөнхийлөгч иргэдийн нийтлэг эрх ашгаас илүүтэйгээр улс төрийн нам, бүлэг фракцийн ашиг сонирхлыг илүү харгалзсан сонголт хийх магадлалтай гэж няцаадаг.

 

Хэлэлцэгдэж байгаа сэдвийн хоёрдугаар асуудлын хүрээнд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргах эрхийг хасах талаар яригдаж байна. Дээр дурдсан Ерөнхийлөгчийн эрхийг хассанаар Ерөнхий сайд Засгийн газрыг дангаар удирдаж, хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишигт дөхөж очино, хууль санаачлахтай холбоотой эрх мэдлийн давхцал арилах зэрэг сайн талтай гэж судлаачид үзжээ.

 

Харин зарим судлаачид Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд, Засгийн газарт илүү хамааралтай байдгийн хувьд  шаардлагатай гэж үзвэл зарим асуудлаар Засгийн газарт чиглэл өгдөг байх нь буруу биш. Ерөнхийлөгч Засгийн газрын хямралын үед, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийнхаа хувьд ч хууль санаачлах боломжгүй байх зэрэг нь сул тал болж болзошгүй гэж болгоомжилдог.

 

Та бүхэн дээрх асуудлууд дээр мэргэн ухаанаа уралдуулан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна гэв.



Дараа нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат 4 дэх сэдвийн танилцуулгыг хийлээ.


Тэрбээр танилцуулагадаа Өнөөдөр та бидний хэлэлцэх чухал сэдвийн нэг нь “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” асуудал  юм. Энэ сэдвийн хүрээнд  нэгдүгээрт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэчлэх, хоёрдугаарт баг, хороо тосгоны Засаг даргыг томилох асуудлыг хөндөн ярилцана.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар захиргаа, аж ахуйн харилцаа зонхилдог хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс заагласан хэдий  ч хууль тогтоомжийн дагуу нэг нутаг дэвсгэрт хэд хэдэн хот, тосгон байж болохоор байгаа нь захиргааны нэгж давхцах үр дагаврыг үүсгэж байна. Улсын чанартай хотуудыг аймаг болгож, цөөн сумтайгаар байгуулсан нь засаг захиргааны нэгжүүдийг нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулах Үндсэн хуулийн зарчимтай харшилсан гэж судлаачид үздэг.

Одоогийн тогтолцоо нь нутгийн удирдлагын субьекттэй төр засгийн болон иргэдийн зүгээс хариуцлага тооцоход оновчтой бус, орон нутагт улстөрждөг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа, иргэд нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх замаар сумдыг нэгтгэх тохиолдолд сумдын аль нь төв болохыг шийдэх асуудал дээр тохиролцоонд хүрч чаддаггүй.

 

Олон улсын жишгийн дагуу хот төлөвлөлт, хотын дэд бүтэц, хотын үйлчилгээний асуудлыг зохицуулахад засаг захиргааны ялгаатай зохион байгуулалт, удирдлагын бүтэц бий болгох шаардлагатай байгаа. Энэ бүхэн нь засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог шинэчлэх үндэслэл болсон юм.

 

Та бидний хэлэлцэж байгаа нэгдүгээр асуудлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх асуудлыг ярилцаж байна.

 

Дээрх өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаснаар улсын болон орон нутгийн харьяалалтай хот бий болж, Засаг дарга ба хотын захирагчийн чиг үүрэг, бүрэн эрх зааглагдах, хотын менежмент, хотын үйлчилгээг хариуцсан эзэн тодорхой болж, хот орчин үеийн утгаар хөгжих сайн талтай. Гэхдээ дээрх өөрчлөлтөд үндэслэн холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй бол давхардсан бүтэц бий болж, хариуцлага хүлээх этгээд тодорхойгүй болж, газар нутгийн болон бэлчээрийн маргаан, хот, хөдөөгийн гэсэн ялгарал бий болж болзошгүй сөрөг талтай. Улсын чанартай хотуудыг Үндсэн хуульд нэрлэн заасан тохиолдолд шинээр улсын чанартай, томоохон хотууд бий болох бүрд Үндсэн хуульд нэмэлт хийх сөрөг үр дагаварт хүргэнэ гэж зарим судлаачид няцаадаг.

 

Хоёрдугаар асуудлын хүрээнд бид баг, хороо тосгоны Засаг даргын сум, дүүргийн Засаг дарга шууд томилж болох тухай асуудлыг хөндөн ярилцана. Үндсэн хуульд зааснаар баг, хороо, тосгоны Засаг даргыг тухайн баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, харьяалах сум, дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилж байгаа. Гэвч бодит байдал дээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх үйл явц хамгийн их улс төржсөн байдлаар явагддаг, ажлын хэсгээс  явуулсан санал асуулгын дүн, фокус бүлгийн ярилцлагаас эл байдлыг залруулахыг иргэдийн дийлэнх хүсч байгаа нь харагддаг.

 

2008 онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баг, хорооны Засаг даргыг улс төрийн бүтцээс ангид байлгах зорилгоор “захиргааны албан хаагч”-ийн ангилалд оруулсан боловч Үндсэн хуулийн цэцээс ”улс төрийн албан тушаалтан” хэмээн тайлбар хийжээ.

Засаг, захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэн, төрийн тогтвортой алба болгон төлөвшүүлэхэд Үндсэн хуульд баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох асуудал яригдаж, энэ сэдвийг та бүхнээр хэлэлцүүлэхээр оруулж байна. Судлаачид уг асуудалд олон талаас ханддаг.

 

Дээрх асуудлыг Үндсэн хуульд тусган баталгаажуулснаар анхан шатны нэгжид төрийн удирдлага бэхжин, улс төрийн намын тогтолцоо баг, хорооны түвшинд нэвтэрсэн, улс төржилтийг хязгаарлах, баг, хорооны Засаг даргыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтаар томилох, мэдлэг боловсролтой, хүн томилох боломж бий болно гэж үздэг. Гэвч зарим судлаачид энэ нь баг хорооны иргэд нийтийн хурлаас хамаарах хамаарал суларна, иргэдийн өөрөө удирдах эрхийг хязгаарлана, Засаг даргын иргэдийн өмнөх хариуцлага суларна, сум дүүргийн Засаг дарга өөрийн талын хүнийг томилох эрсдэл бий гэсэн үндэслүүдийг гаргаж, няцаадаг байна. Та бүхэн энэ асуудал дээр мэргэн ухаанаа уралдуулан, өөрсдийн санал бодлоо идэвхтэй гаргана гэдэгт бүрнээ итгэлтэй байна хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл