Цэс

Холбоо барих

ОХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидигов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны урилгаар манай оронд айлчилж байгаа юм.


УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн “Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш харилцаа эрчимжиж байна. Салбарын яам хооронд харилцан айлчлал, гэрээ хэлэлцээр цөөнгүй хийгдлээ. Манайхаас гэхэд 5-6 сайд ОХУ-д айлчилсан. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай боллоо. Энэ бүхэн нь манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаанд нэгэн шинэ үе нээгдэж буйг илтгэн харуулж байна” гэлээ.

Ноён М.И.Дидигов хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, айлчлалын хугацаанд УИХ-ын Байнгын хороодын дарга, гишүүд, ҮАБЗ-ийн удирдлагууд, Хууль зүйн яамны төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Парламент хоорондын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж буйд баяртай байна. Бүс нутаг, хил орчмын аймаг, хот, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, худалдаа, бизнесийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын нэн чухал зорилт юм гэж онцоллоо.



Уулзалтын үеэр ноён М.И.Дидигов ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай Валентина Ивановна Матвиенкогийн илгээлтийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Илгээлтэд 2016 оны 12-р сарын 15-нд УИХ-ын дарга М.Энхболдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хөндсөн Орос, Монголын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн асуудал, парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хүсэл сонирхол, олон улсын парламентын байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаанд оролцох боломж зэрэг асуудлыг хөнджээ.

Хатагтай В.И.Матвиенко М.Энхболдод хандан удахгүй болох гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг хүсэн ерөөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл