Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга саналаа өглөө

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.06.26) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд сонгогчийн хувиар саналаа өглөө.


Тэрбээр гэргий Ж.Туяацэцэгийн хамт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1937 дугаар хэсгийн хороонд 10.00 цагт ирж саналаа өгсөн юм. Тэрбээр саналаа өгснийхөө дараа сонгогчдодоо хандаж хэлсэн үгэндээ “Монгол төрийн сонгууль болгон өөр өөрийн онцлогтой болдог. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн өөрийн онцлогтой болж байна. Улс орны эдийн засаг хямралт байдлаас гарч, иргэддээ ээлтэй хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлэх сонгууль бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль юм. Монголчууд төрийнхөө сонгуульд оролцох өдрийг баярын өдөр гэж үзсээр ирсэн сайхан уламжлалтай. Мориныхоо дэлийг засаж, шинэ дээлээ өмсч сонгуульд саналаа өгөхөөр явдаг, төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог ард түмэн. Та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна” хэмээв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1937 дугаар хэсгийн хороо 2562 сонгогчтой бөгөөд санал хураалт эхэлсэн 07.00 цагаас хойш 10.00 цагийн байдлаар 310 сонгогч саналаа өгсөн байв.

Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар гурван намын төлөөлөл болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ажиллаж байгааг хэсгийн хорооны ахлах зохицуулагч Б.Мөнх-Амгалан хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл