Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Япон Улсын Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.06.08) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.  

Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд   “Шинэ ажилд томилогдсон ирсэн ноён Элчин сайд таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол, Япон улсын сайхан харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд таныг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэлээ.

Элчин сайд Масато Такаока “Ачаалал ихтэй ажлынхаа дундуур хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Энэ дашрамд таныг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэг сайн харилцаатай ажилладаг. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс нас барсан япон иргэдийн дурсгалд зориулсан цогцолборыг Улаанбаатарт байгуулуулсанд бид маш талархалтай ханддаг. Япончуудын хувьд энэ цогцолбор маш чухал газар. Монгол Улсын зүгээс цогцолборын менежментийг маш сайхан хийж, сайхан авч явж байгаад дахин дахин талархал илэрхийлье. Таныг Гадаад харилцааны сайд байхдаа Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор манай улсад айлчилсныг санаж байна. Эрхэм та Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд удаан хугацаанд тууштай анхаарч ирсэн. Цаашид ч анхаарч ажиллахыг хүсье” гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж эхэлсэн цагаасаа хоёр орны харилцаа ямархуу түвшинд хөгжиж ирснийг сайн мэднэ. 1990 онд манай улс маш хүнд байдалд байх үеэс эхлээд Японы Засгийн газар, ард түмэн мартахын аргагүй тусламж үзүүлснийг  Монголын ард түмэн дурсан санаж байдаг гэдгийг Элчин сайд таньд хэлэхэд таатай байна” хэмээв.

Тэрбээр мөн Монгол, Япон хоёр орон олон улсын тавцанд хамтран ажиллаж, Япон Улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор элсэхэд Монгол Улс дэмжсэн. Монгол Улсын ээлж ирэхэд Япон нөхөд идэвхтэй дэмжинэ гэдэгт итгэж байна гээд хоёр орны хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсээд Монголын бүтээгдэхүүнийг Япон Улсад гаргахад энэхүү хэлэлцээр таатай суурь болно гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг өөр ямар ч улстай байгуулаагүй гэдгийг мөн тэмдэглэн хэлсэн. 

Цаашид хөдөө аж ахуйн салбарт  Япон Улсын техник технологийг ашиглаж амжилттай хамтарч ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлээд боловсролын салбарын хамтын ажиллагааныхаа хүрээнд Япон Улсын Засгийн газар тэтгэлгээрээ монгол залуусыг техник технологи, инженерчлэл, шинжлэх ухааны салбарт сургахад анхаарал тавьж ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Мөн Япон Улсын дэмжлэгээр Хөшигийн хөндийд ирэх жил ашиглалтад оруулах гэж байгаа нисэх онгоцны буудал  Монгол Улсын хөгжлийн шинэ үүд хаалга болно гэдэгт итгэлтэй байдгаа хэлэв.


Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувиар Япон иргэдийн дурсгалын цогцолборыг хүндэтгэлтэй авч явах нь хоёр улсын ард түмний харилцааг сайхнаар хадгалж явах чухал ажил гэж хүндэтгэлтэй ханддаг. Монгол, Япон хоёр орон өвөг дээдэс, түүхээ хамгаалах, хүндлэх тал дээр ижил төсөөтэй. Бид өөрсдийн өвөг дээдэстээ хүндэтгэлтэй ханддаг шигээ цаашид ч Япон иргэдийн дурсгалын цогцолборт хүндэтгэлтэй  хандана. Хоёр орон Улаан загалмайн шугамаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүсье” гэлээ.  

Элчин сайд Масато Такаока Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдод чухал агуулга бүхий олон асуудлаар дэлгэрэнгүй ярьж, санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлээд Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд амжилттай жишиг тогтоож ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл