Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.16) хуралдаан 14 цаг 26 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Улсын Их Хурлын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаархи танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийсэн юм. Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга, хэлтэс нэгжийн дарга нар оролцлоо.

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцуулгадаа, Улсын Их Хурлын Тамгын газар Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник,  зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргээ 2016 онд амжилттай хэрэгжүүлж  ажилласныг онцлов.


Улсын Их Хурлын Тамгын газар нь Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хүрээнд: 2016 онд Улсын Их Хурлын чуулганы 70 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын 251 удаагийн, дэд хороодын 11 удаагийн  хуралдаанаар 1102 хууль, Улсын Их Хурлын 156 тогтоолын төсөл хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллажээ.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэх ажлын бэлтгэлийг хангаж, бие даасан 287 хууль, 125 тогтоолын эцсийн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан ёсчлуулжээ. Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн 155, анхны хэлэлцүүлэгт 212 санал, дүгнэлт, 2878 зарчмын зөрүүтэй саналын томьёолол,  хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт 67 танилцуулга, 735 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, тэдний хүсэлтээр 35 хууль, тогтоолын төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулгыг боловсруулан эрх зүйн туслалцаа үзүүлсний зэрэгцээ хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн 168 хууль, тогтоолын бүрдлийг хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төсөл Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар 27 зөвлөмж гаргажээ. 

Түүнчлэн Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжуудыг олон нийтэд сурталчлах чиглэлээр Байнгын /дэд, түр/ хорооноос 1 удаа нээлттэй сонсгол, 32 хэлэлцүүлэг, 12 удаа хурал, зөвлөгөөн, 6 удаа сургалт, семинар, 102 уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна.

Харин Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд  мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хүрээнд: Засгийн газрын болон холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл хэлэлцэх ажлыг зохион байгуулах, Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох байгууллагад өгсөн үүрэг, даалгаврын биелэлтэд хяналт тавих, төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлд шинжилгээ хийх, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд эдийн засгийн тооцоолол хийх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байна. Тайлант хугацаанд Байнгын хороодын тогтоолоор хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт, зөвлөмж өгөх зорилгоор байгуулагдсан 25 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Тамгын газрын ажилтнууд оролцон ажиллаж, 14 яам, 49 агентлагийн үйл ажиллагаанд 55 хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж үнэлэлт, дүгнэлт гаргажээ. Мөн давхардсан тоогоор Улсын Их Хурлын 40 гишүүн 91 асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Монголбанкны Ерөнхийлөгчид хандан 30 удаагийн асуулга тавьсан бол Улсын Их Хурлын гишүүний 8 асуулгын хариу, Ерөнхий сайдын 8 удаа хийсэн мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсох ажлыг зохион байгуулжээ. Ерөнхий сайдын мэдээллийн цагаар давхардсан тоогоор 30 гишүүн 87 асуулт тавьж, хариулт авсан байна.

Төсвийн хяналт, дүн шинжилгээ хийх, мэдээллээр хангах ажлын хүрээнд: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд макро эдийн засагтай холбоотой дүн шинжилгээ, 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд тус тус дүн шинжилгээ хийж танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэж, төсөв санхүүгийн холбоотой тооцоо судалгааг тухай бүр  гарган холбогдох Байнгын хороо, дэд хороодод хүргүүлж ажиллажээ. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ хийж хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж ажиллав.

Түүнчлэн Монгол Улсын макро эдийн засгийн тойм судалгааг улирал бүрээр гаргаж,   тус тоймд бодит сектор, төсвийн болон мөнгөний бодлогын үзүүлэлтүүд, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, валютын албан нөөц, ажил эрхлэлтийн талаар тусган гаргасан  холбогдох дүгнэлтүүд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны сар, улирлын гүйцэтгэлд хийсэн дүн шинжилгээ, 2016 онд улсын төсвийн хөрөнгө,  вексель болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн гүйцэтгэлийн мэдээг сар, улирлаар гаргаж, Улсын Их Хурлын цахим хуудсанд сар бүр байршуулж ажилласан байна.


Хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд: Тайлант хугацаанд нэгдсэн хуралдааны явцын талаар 1297 хуудас гар тэмдэглэл хөтөлж, дууны бичлэгээс 5523 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг буулган бичиж, архивын нэгж болгожээ. Харин Байнгын хорооны хуралдааны явцын талаар 1598 хуудас гар тэмдэглэл хөтөлж, дууны бичлэгээс 5560 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын хуралдааны явцын талаар 23 хуудас гар тэмдэглэл хөтөлж, дууны бичлэгээс 278 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг буулган хянаж, нийт 301 хуудас баримт материалыг холбогдох Байнгын хороодод хүлээлгэн өгчээ.

УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах, олон нийттэй харилцах ажлын хүрээнд:   Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомж, Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үйл ажиллагааны үр дүн, цаг үеийн бусад асуудлаар Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газраас зохион байгуулсан нийт 41 удаагийн хэвлэлийн бага хуралд хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг өргөнөөр оролцуулж, сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллажээ.

Энэ хугацаанд Тамгын газрын Студиэс нийт 57 нэвтрүүлэг, 515 видео мэдээлэл бэлтгэн Улсын Их Хурлын www.parliament.mn, open.parliament.mn цахим хуудас, intranet.parliament.mn дотоод сүлжээнд байршуулсны зэрэгцээ Улсын Их Хурлын 2015 оны намар, 2016 оны хаврын ээлжит чуулган, Улсын Их Хурлын анхдугаар чуулган болон 2016 оны ээлжит бус чуулган, 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд “УИХ энэ 7 хоногт” тойм нэвтрүүлгийн 30 дугаар, “УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн 15 дугаар, “Хуулийн толь” нэвтрүүлгийн 8 дугаар, УИХ-ын даргын захиалгаар томилолт, тусгай арга хэмжээний талаарх 4 нэвтрүүлэг зэрэг тус бүр 28 минутын хугацаатай нийт 57 нэвтрүүлэг бэлтгэж түгээжээ. Мөн Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 4992 гаруй мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан иргэд, олон нийтэд хүргэсэн байна.

Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг цаг хугацаанд нь бэлтгэн хэвлэж, бүх шатны төр захиргаа, шүүх, хуулийн байгууллага, нийтийн номын сан, их, дээд сургуулиудад 5479 ширхгийг үнэ төлбөргүй,  шуудангийн 4 компаниар дамжуулан захиалсан 1100 хэрэглэгчид тус тус хүргэсэн бол иргэд, сонгогчдыг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах 345 удаагийн аяллыг зохион байгуулж, нийт 8569 иргэнд үйлчилсэн байна.

Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд: Монгол Улсын Их Хурлын болон  Монголын Парламентын бүлгэм, Улсын Их Хурлын Тамгын газрын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад хамтын  ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч гадаадад 8, дотоодод 10 удаагийн айлчлалыг зохион байгуулжээ. Монголын Парламентын Бүлгэмийн шугамаар давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн Их Британи, Япон, Орос, Буриад зэрэг улсуудад айлчилж, Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүд гадаад айлчлал, олон улсын хурал, семинар, танилцах аялал зэрэг давхардсан тоогоор нийт 51 арга хэмжээнд оролцсон байна. Өнгөрсөн оны нэг онцлог ажил нь Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг 2016 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч оролцжээ.

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд: Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд  чиглэгдсэн төсөв, санхүү, аж ахуй, техник хэрэгсэл, материал хангамжийн үйлчилгээг цаг тухайд нь тасралтгүй шуурхай үзүүлж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулан 2016 онд 1502,6 сая төгрөгийн төсвийн хэмнэлт гаргажээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгт нийт 6493 удаа  санхүү, аж ахуйн мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлж ажилласан байна.

Дотоод аудитын ажлын хүрээнд: Тайлант хугацаанд “УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн 2015 оны үйл ажиллагааны үр дүн, дотоод хяналтын үр өгөөжийн байдал”-д гүйцэтгэлийн аудит хийж, холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын 2015 оны жилийн эцэс,  2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан болон “Нутгийн өөрөө удирдах байгуулагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийн 2015 оны болон 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд санхүүгийн аудит хийсэн байна.

Улсын Их Хурлын төсвийн болон төслүүдийн шилэн дансны нэгдсэн системд мэдээлэл оруулах хугацаа, ажилтнуудын хуваарийг шинэчлэн батлуулж, Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллийг цаг хугацаанд нь байршуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, цахим хуудсанд оруулсан мэдээлэлд дотоод хяналтыг 4 удаа хийж, тайланг улирал бүр хугацаанд нь нэгтгэж гарган Сангийн яаманд хүргүүлж ажиллажээ. Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2016 оны байдлаар нийцлийн аудит хийхэд “УИХ-ын Тамгын газартай холбоотой зөрчил дутагдал илрээгүй байна” гэсэн дүгнэлт ирүүлсэн байна.

Мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд: Хуралдааны цахим системийг ашиглан Улсын Их Хурлын чуулганы 70 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын болон дэд хорооны 262 удаагийн хуралдаан, Улсын Их Хурал дахь намын бүлгийн 70 гаруй удаагийн хуралдаан, сургалт семинар, хэлэлцүүлэг, мэдээлэл зэрэг 181 удаагийн арга хэмжээ, 2 удаагийн дүрст хурлын арга хэмжээний техникийн бэлтгэл, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллажээ. Мөн хуралдааны зөөврийн системийг 40 гаруй удаа, орчуулгын системийг 5 удаа ашигласны зэрэгцээ хуралдааны дуу, дүрсний бичлэгийг сервер компьютерт байрлуулан дотоод сүлжээний хэрэглэгчид ашиглах боломж бүрдүүлсэн байна.

Түүнчлэн Ази, Европын дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-ын хүрээнд зохион байгуулагдсан 3 удаагийн хуралдааны техникийн бэлтгэлийг ханган ажиллаж, тус уулзалтын үеэр англи, монгол хэлээр цахим хуудас ажиллуулах, тусгаарлагдсан дотоод сүлжээ /LAN, WiFi/ үүсгэх, олшруулах, хэвлэх төхөөрөмжөөр үйлчлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.

Тамгын газрын хүний нөөцийн тухайд: Ажилтнуудын ажил үүргийн давхардлыг арилгах, ажлын хариуцлага, сахилгыг сайжруулах, Улсын Их Хурлаас гаргасан төсөв зардал хэмнэх  бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч иржээ. Энэ зорилтын хүрээнд тайлант хугацаанд Тамгын газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, 197 орон тоотой байсныг 19  орон тоогоор цөөрүүлж, 178 орон тоотой ажиллажээ. Ажилтнуудыг чадавхжуулахад анхаарч, Тамгын газрын 2016 оны сургалтын төлөвлөгөөнд тусгасан 25 сэдвээр ажлын байран дахь сургалтыг, мөн Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан үйл ажиллагааны чиглүүлэх сургалт, гарагийн сургалтыг 5 удаа зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.


Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Батзориг, Н.Цэрэнбат, Н.Энхболд нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын Тамгын газар нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байгааг үг хэлсэн гишүүд дурдаад цаашид анхаарах зарим асуудлын санал гаргасан юм.

Ингээд Улсын Их Хурлын Тамгын газрын 2016 оны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооноос тогтоол гаргаж Тамгын газарт зарим чиглэл өгөхөөр тогтлоо.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулсан юм.


Төсөл санаачлагч илтгэлдээ, 2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг  байгуулан 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлтээ гаргасан. Эдгээр санал, дүгнэлтүүдийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар хуульчилсны дагуу Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 6 сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг явуулсныг онцоллоо.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 12.1-д зааснаар статистикийн байгууллага зөвлөлдөх асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнгийн талаархи дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгаж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлсний дагуу уг санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд хүргүүлсэн юм. Уг зөвлөмжид дурдсанаар иргэд Үндсэн хуульд тодорхой асуудал, чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Иймд цаашид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.

Харин Улсын Их Хурлын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 45 орчим хоног үлдээд байгаа. Гэтэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байгаа аж.

Иймээс уг хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтойг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Дараа нь  Ажлын дэд хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Өлзийсайханаар ахлуулан байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл