Цэс

Холбоо барих

“Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аваргаар Орхон аймгийн “Эрдэм I” баг шалгарлаа

  Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран сурагчдын дунд “Парламентын боловсрол” сэдэвт илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнийг 2022 оны 5 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

    Тус тэмцээний аваргын төлөө мэтгэлцэх төгсгөлийн шатны шалгаруулалт өнөөдөр (2022.05.30) Төрийн ордонд болов.




    Төгсгөлийн шатны шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн. Энэ удаагийн мэтгэлцээнд нийт 64 багийн 192 сурагч оролцсоныг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, нийт сурагчид, багш нарт баяр хүргэлээ. “Парламентын боловсрол” хөтөлбөр, мэтгэлцээний зорилго нь залуу үеийнхнийг илүү хэрсүү, оновчтой дүгнэлтэд үндэслэн сонголт хийх, төрийг удирдах үйл хэрэгт хамтран оролцох чадвартай, хариуцлагатай иргэд болгон төлөвшүүлэхэд чиглэж буйг тэрбээр онцолсон. Мөн мэтгэлцээнд оролцож мэдлэг чадвараа дээшлүүлсэн, өөрсдийн дуу хоолойгоо төр засагт, нийгэмд сонсгож чадсан хүүхдүүдээр бахархаж буйгаа тэмдэглээд, энэ мэтгэлцээнээс сурч мэдсэнээ гүнзгийрүүлэн судалж, илүү сайхан нийгмийг бүтээх үйл хэргийн эзэд болохыг хүсэн ерөөв.  Мэтгэлцээнийг зохион байгуулж, хамтран ажиллагсдад мөн талархал илэрхийллээ.




    Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Мейер-Биш мөн мэтгэлцээнийг нээж үг хэлэв. Парламентын үйл ажиллагааны үндсэн дөрвөн чиг үүргийн талаар мэтгэлцээнд оролцогчидтой ярилцаж, “Парламентын боловсрол” хөтөлбөрт монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд хамрагдаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг зорилгынхоо талаар тэрбээр товч танилцуулсан юм.  




    Дараа нь мэтгэлцээнд сурагчдаа бэлтгэсэн багш нарыг төлөөлж Орхон аймгийн 5 дугаар сургуулийн түүх, нийгэм судлалын багш Д.Гантуул, мэтгэлцээнд оролцсон сурагчдыг төлөөлж шилдэг илтгэгчээр шалгарсан ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч М.Мөнх-Эрдэнэ нар сэтгэгдлээ хуваалцав.




    Ингээд мэтгэлцээний төгсгөлийн шатанд тунаж үлдсэн Орхон аймгийн “Мэргэд” баг болон, “Эрдэм I” багийн хооронд тэргүүн байрын төлөөх тоглолт эхэллээ. Багууд нотлогч болон няцаагч байр сууринаас “Ардчилсан нийгэмд өрсөлдөөн нь хамтын ажиллагаанаас илүү хөгжлийн түлхэц болдог” сэдвийн хүрээнд эн тэнцүү мэтгэлцэв.  

    Тоглолт дууссаны дараа шүүгчид багуудын тоглолттой холбогдуулан алдаа оноо, амжилтын талаар санал, зөвлөмж, шүүмжээ хуваалцаад аваргаар Энхтайваны Энхжин,  Уранчимэгийн Долгорсүрэн, Батсайханы Минжбадам нарын бүрэлдэхүүнтэй Орхон аймгийн “Эрдэм I” баг шалгарсныг зарлалаа.

    Тэмцээний 2 дугаар байранд Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарсан бол 3 дугаар байранд Улаанбаатараас оролцсон“Абсолют Франклин”, Дархан-Уул аймгийн “Титэм” баг тус тус шалгарсан. Тусгай буюу шагналт байранд Орхон аймгийн “Орхон” баг, мөн тус аймгийн Эрдэм II” баг, Улаанбаатараас оролцсон “Атлантис”, “Импакт” багууд шалгарчээ.


    Тэмцээний аварга "Эрдэм I" баг


Тэмцээний 2 дугаар байрын шагналт "Мэргэд" баг


    Дээрх шилдэг найман багт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Мейер-Биш нар шагналыг нь гардууллаа.

    Энэ үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, "Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын дунд илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон хүүхдүүд болон тэднийг бэлтгэсэн багш нар маш идэвхтэй байлаа. Ур чадварын хувьд ч сайн байна" хэмээн тэмдэглэлээ. Түүнчлэн нийслэл, орон нутагт олон сургуульд мэтгэлцээний клубүүд ажилладаг юм байна. Эдгээр клуб, сургалтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газраас дэмжиж ажиллана. Мэтгэлцээнд оролцож буй хүүхдүүдээс харахад бидний ирээдүй үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ мэддэг, идэвхтэй иргэд болон төлөвшиж буй юм байна хэмээн дүгнэж хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл