Цэс

Холбоо барих

"Парламентын боловсрол - Сургагч багш" хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ маргааш Төрийн ордонд болно


Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэгдсэнПарламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийг Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол-Сургагч багш” (дэд) хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нийслэлийн боловсролын газартай хамтран маргааш (2022.09.22) Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрийн зорилго нь “Парламентын боловсрол” хөтөлбөрийг нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс, сургуулиудад танилцуулах, парламентын боловсрол олгох сургагч багш бэлтгэх арга зүйн сургалтыг зохион байгуулах, сургагч багш нарын сүлжээ үүсгэх, багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтын модуль боловсруулах зэрэг үйл ажиллагааг энэ оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм. Цаашид Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Парламентын боловсрол” хичээлийг тусгахаар зорин ажиллаж байна.

Маргаашийн арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, мөн тус хөтөлбөрт оролцохоор хүсэлтээ ирүүлсэн нийслэлийн ЕБС-ийн нийгмийн ухааны чиглэлээр ажиллаж байгаа 100 багш оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл