Цэс

Холбоо барих

Г.Занданшатар: Олон улсын сайн туршлагыг нутагшуулж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь бидний тэргүүлэх зорилт юм

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Т.Аубакир Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумдад ажилласан.

Дээрх бүрэлдэхүүнээс гадна УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар өчигдөр (2022.09.25) Дархан-Уул аймагт ажиллалаа.

Гишүүд хөдөө аж ахуйн таримлын үр, суулгац үйлдвэрлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хосолсон үйл ажиллагаа явуулдаг Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнгөрсөн хугацаанд үр тарианы 100 гаруй шинэ сорт бүтээж, 20 орчим сортыг нутагшуулсан. Тодруулбал, төмсний 5 сорт шинээр гаргаж, 14 сорт нутагшуулан, 16 сортыг ирээдүйтэй сортоор шалгаруулж үйлдвэрлэлд шилжүүлсэн. Ингэснээр импортын төмс 2004 онтой харьцуулахад 7 дахин багассан. Мөн Монгол Улсад тариалж байгаа буудайн сортуудын 40 хувь нь эх орны сортууд. Цаашид таримал ургамлын нэр төрлийг нэмэгдүүлж, ган, өвчин хортонд тэсвэртэй, эртийн болцтой сорт бүтээж нутагшуулах, иж бүрэн, ухаалаг тариалангийн технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж тус хүрээлэнгийн захирал Н.Баярсүх танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолд ургамал хамгаалал, үр, сортын чиглэлээр томоохон зорилтууд орсон. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллаж байна гэв. Энэ үеэр хөрөнгө оруулалт, тариалангийн хөрсний үржил шим, шинэ технологи нэвтрүүлэх талаар санал солилцов.

Үргэлжлүүлэн Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус төв нь монгол малаас чанартай үр үйлдвэрлэж, генийн санг хамгаалж үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна. Манайд баталгаажсан 56 үүлдрээс гойд ашиг шимтэй 30 үүлдрийн малын үрийн нөөцийг хадгалж байна. Сүүлийн үед монгол малын чанар муудаж, бие жижирч, ашиг шим багасч, үүлдэр угсаа алдагдах эрсдэл бий болоод байна. Иймд малын удмын санг хамгаалахад малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үржил, селекцийн талаарх мэдлэгийг сайжруулах, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь тулгамдсан асуудал болоод байгааг холбогдох албаны хүмүүс танилцуулж байлаа.

Дараа нь “Дархан нэхий” компанийн үйл ажиллагаатай танилцав. “Дархан нэхий” хувьцаат компани нь 1972 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол Улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэрийн нэг. Бод, богийн шир боловсруулах үйлдвэрээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдол, гутлын үйлдвэрлэл ажиллаж байна. Тус компани жилд 1.5 сая ширхэг хонины нэхий, 300.000 ширхэг үхрийн шир бүрэн боловсруулах, 500.000 ширхэг хос гутал, 100.000 орчим нэхий бүтээгдэхүүн, өвлийн хувцас үйлдвэрлэж байна. Мөн энэ үйлдвэрийн 450 гаруй ажилтнуудын 60 хувь нь 25-40 насны залуучууд ажээ.

Дархан-Уул аймгийн удирдлага болон төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг танилцуулав. Тэрбээр, технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед D-Parliament талбараар дамжуулан ардчилсан, зөвлөлдөх, цахим парламентын үйл ажиллагаанд оролцож, засаглах эрхээ эдлэхийг уриалав.

Иргэд муу хууль санаачилсан, баталсан гэж Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийг шүүмжилдэг байсан бол тэр үе ард хоцорч, өргөн баригдсан хуулийн төслийн зүйл, заалт тус бүрд өөрсдийн саналаа тусгах боломжтой болсон. Мөн өнгөрсөн оны эцэст БНСУ-д сургуулийн хүчирхийлэлд өртсөн 13 настай монгол охины эрхийг хамгаалж, хэргийг нь үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд монголчууд БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй цахим самбарт зарга үүсгэж, саналаа өгсөн хүний тоо 200 мянга давж байсан билээ. Тухайн үед бид төр нь иргэдээ сонсдог, маш зөв шийдэл байна хэмээж байсан. Тэгвэл D-parliament системд мөн ийм шийдэл байдаг.” Иргэдийн хамгийн их хөндөж буй асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэгдэх нөхцөл бүрдсэн аж.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр өдрийн албан томилолтыг дүгнэж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж, Монгол Улсын Их Хурлаас Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг баталсан. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэлийг дэмжин дотоод хэрэгцээг 100 хувь хангаж, экспортлогч орон болох, “Халамжаас хөдөлмөрт шилжих” бодлогыг хэрэгжүүлэх. Мөн түгжрэлийг бууруулах, “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх зэрэг цогц шийдлийг гаргахаар ажиллалаа. Үүний үр дүнд судалгаа, дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлаар төсөв хэлэлцэх үед оруулна. Бид үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг соёл, зан заншил, хэвшлийг бий болгож чадвал Монголд ажилгүйдэл, ядуурал байхгүй болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ажилгүйдэл буураагүй гол шалтгаан бол үйлдвэрлэлийг дэмжих бодлого сул байсан. Иймд үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс болж байж бид хөгжинө. Дэлхийн хөгжингүй орнуудын амжилтын нууц бол экспортлогч, аж үйлдвэрлэгч орон болж чадсан. Олон улсын сайн туршлагыг нутагшуулж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь бидний тэргүүлэх зорилт юм гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл