Цэс

Холбоо барих

ТБХ:Гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.11) хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар 10 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Дэлхий даяар корона вируст цар тахлын халдвар бүрэн дарагдаагүй байгаатай зэрэгцээд 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украйны байдал хурцдаж эхэлсэн, дэлхий дахинд хүнс, эрчим хүчний үнийг огцом өсгөж, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг бий болгосноор сүүлийн 40 жил байгаагүйгээр инфляцыг хөөрөгдөж, эдийн засгийн өсөлтийг сааруулсныг сайд танилцуулгадаа дурдаад олон улсын байгууллагууд 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг удаа дараа бууруулсныг тодотгов.

Улс орнуудын хувьд инфляцыг тогтворжуулах нь нэн тэргүүний зорилт болж, төсөв, мөнгөний бодлогыг эрс хатууруулж байгаа нь хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгийн гадагшлах урсгалыг ихэсгэж, өрийн дахин санхүүжилт болон валютын ханшийн сорилтыг бий болгож байгааг олон улсын байгууллагууд онцолж байна. Гадаад секторын хувьд тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа хэдий ч Засгийн газраас төсвийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэхэд чиглүүлэх томоохон зорилтыг тавилаа. Үүний үр дүнд Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан томоохон төслүүдийг эхлүүлж, уул уурхайн салбарын өсөлтийг 2023 онд 14.6 хувьд хүргэхийн зэрэгцээ уул уурхай дагасан тээвэр, худалдаа зэрэг бусад эдийн засгийн салбаруудыг нь дэмжих хүлээлттэй байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа дурдлаа.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төсвийн бодлогоо хэрэгжүүлэхэд УИХ-аас 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүсэж байна. 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагаар дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувь байхаар батлагдсан хэдий ч Монгол Улсын Засгийн газраас 2023 оны төсвийн төсөлд төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын дагуу 2024 онд хүрэх байсан түвшин болох ДНБ-ий 2.8 хувьд хүргэн бууруулж,  нэг жилээр наашлуулан тусгасан гэж байлаа.

Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох яам, агентлагын удирдлагууд оролцсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир, Х.Баделхан, Г.Амартүвшин нар асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, ирэх оны төсвийн төсөлд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн атлаа зарлага нь орлогоосоо 1.5 их наяд төгрөгөөр их алдагдалтай төсөл боловсруулсан шалтгааныг тодруулав. Мөн төсвийн орлогын эх үүсвэрийг дайчлахдаа далд эдийн засгийг ил болгох, хүн болгон орлогоо шударгаар тайлагнах нөхцөл, бололцоог бүрдүүлэхэд арга хэмжээ авч буй талаар тодруулав.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төсвийн тэвчиж болох бүх зардлуудаа тэвчиж, 2022 оны төсвийн тодотголуудтай харьцуулахад ирэх оны төсвийн төсөлд зарлага бууруулсныг онцлов. Тэрбээр, төсвийн урсгал зардал зайлшгүй нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан 231.4 тэрбум, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн төлөвлөгөөний урсгал зардалд  228.3 тэрбум, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөхөд 266.2 тэрбум, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 114.7 тэрбум төгрөг болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооны өсөлт, хоолны зардал  зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлын нийт дүн 1.6 их наяд төгрөгөөр урсгал зардал нэмэгдсэн гэж хариулж байлаа.

Мөн далд эдийн засгийг бууруулахад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, бүртгэл, мэдээллийг сайжруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тодруулбал, эрдэс баялгийн салбарт гэхэд эрдэс баялгийн биржийг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүнийг дагасан далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ гэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын  Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан нийт 101 хуулийн төсөл, УИХ-ын  тогтоолын  зургаан төсөл өргөн мэдүүлснийг онцлон дурдлаа.

Нэгдүгээрт, уул уурхайн төсөл, хөтөлбөрөөс орон нутгийн иргэдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, хандив тусламжийг холбогдох орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх, энэхүү хандив, тусламжийн гэрээ ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Төсвийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Хоёрдугаарт, төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан боловч төрийн албан хаагч гэдэг статустайгаар албан тушаалын үндсэн цалин болон хуульд заасан бүх нэмэгдэл, хөлсийг тэтгэврийн хамт авч байгааг зогсоож, төрийн албанд тавигдах нийтлэг шаардлагад төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэснийг хангасан байх  шалгуурыг нэмж тусгахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Гуравдугаарт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100000 төгрөгөөр тооцож, нийт хүүхдийн 91 хувьд үргэлжлүүлэн олгохтой холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээл, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, бизнесийн орчныг дэмжих, зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

Тавдугаарт, Мэргэжлийн хяналт шалгалтын оновчтой, үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх,  мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагууд болон улсын байцаагчдын чиг үүргийн давхардлыг арилгах,  салбарын бодлого төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргүүдийн уялдаа холбоог хангах, хариуцлагыг тодорхой болгох, салбарын бодлого, шийдвэр, түүний хэрэгжилтийг боловсронгуй болгох зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуульд болон холбогдох 82 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа. Түүнчлэн Засгийн газрын харьяа байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх, чиг үүргээ бүрэн, хуульд зааснаар хэрэгжүүлж байгаа эсэх, төрийн үйлчилгээнд хүнд суртал, дарамт учруулахгүй байгаа эсэх, ёс зүйн хэмжээг сахин мөрдөж байгаа эсэхэд шууд хяналт шалгалт хийж, алдаа дутагдал, хууль зөрчигдсөн байдлыг таслан зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцон төрийн бүтээмжийг дээшлүүлж, иргэдийн эрх ашгийг хамгаалах шуурхай, илүү үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх зорилготой Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг сайд мэдээлэлдээ дурдлаа.   

Мөн Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах эрх олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг хоолны үйлчилгээнд хамруулах тухай заалтад холбогдох өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан гэв.

Энэ үеэр хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын 2023 оны төсвийн орлого, зарлага, төсвийн тооцоололд нөлөөлөх хамт өргөн мэдүүлсэн 18 хуулийн төсөл болон гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох 82 хуулийн төслийг тус бүр багцлах, улмаар УИХ-ын тогтоолын зургаан төслийг нэг багц болгон хэлэлцэх, ингэхдээ санал хураалтыг нэг бүрчлэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төрийн тусгай албанд ажиллаж байгаа хүмүүс 45, 50 насандаа тэтгэвэрт гаргадаг асуудалд холбогдох судалгаа, тооцоо хийсэн, эсэх уг асуудалд уян хатан хандах боломж бий эсэхийг лавлав.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Төрийн албаны тухай хуульд  тэтгэврийн насанд хүрээд чөлөөндөө гарсан тохиолдолд үргэлжлүүлж ажиллах боломжгүй. Харин тухайн хүн өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах асуудал нь нээлттэйг тодотгов. Өнөөдрийн байдлаар төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан атлаа үргэлжлүүлэн албаа хашиж байгаа нийт 5.1 мянган хүн байна. Үүнд 72.9 тэрбум төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Иймд тэтгэврээ тогтоолгосон нөхцөлд төрийн албанаас чөлөөлөгдөхөөр холбогдох хуульд нь тусгаж өгсөн гэж байлаа.

Ингээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг төсөл нэг бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын  Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл