Цэс

Холбоо барих

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр (2022.10.12) Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас  Геодези, зураг зүйн тухай хуулийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 бүлэг, 15 зүйлтэйгээр баталсан бөгөөд геодези, зураг зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих, тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой аж. Тус хууль анх батлагдсанаас хойших хугацаанд нийт 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Геодези, зураг зүйн салбар нь улсын хилийг тодотгон тогтоох, нутаг дэвсгэрийн хэмжээ, газрын гадаргын бодит байдал болон түүн дээрх объектуудыг геодезийн өндөр нарийвчлал бүхий хэмжил зүйгээр орон зайн харилцан байршлаар хэмжин зураглаж, байрлалд суурилсан орон зайн болон газрын зургийн тоон мэдээллээр батлан хамгаалах, газрын харилцаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, хот байгуулалт, барилга, эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаанд ашиглагдах бүтээн байгуулалтын төлөвлөлтийн суурь мэдээллийг бүрдүүлдэг, улс орны батлан хамгаалах аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөгжлийн суурь салбар юм.

 

Геодези, зураг зүйн үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэл, тооцоотойгоор хийгддэг нарийн мэргэжлийн үйл ажиллагаа учраас шинэ техник, технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн институцийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн өөрчлөлт, холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шинэчлэлтийг тусгах болон уг хуульд олон удаагийн нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага үүсээд байна гэж салбарын сайд танилцууллаа.           

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “2021-2030 онд ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана” гэсэн зорилт тавьж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 3.6.1-т “Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалт, газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.” гэж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гурав дахь хэсгийн 3.7.1.-т “Газрын харилцаа, хот байгуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хотуудын зэрэглэлийг тогтооно.” гэж тус тус заасан болохыг дурдаад хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулав.

Түүнчлэн, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ерөнхий агуулгыг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандан судалгаанд үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд заасан 8 /найм/ агуулгын хүрээнд боловсруулсан гэлээ. Тухайлбал, уг салбарт нэн тэргүүнд шаардлагатай, тулгамдаад байгаа асуудал хуульчлагдаж, мэргэжлийн нэр томьёонуудыг тодорхойлж тусгасан. Мөн Геодези, зураг зүйн үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлж, төрийн нууцын зэрэглэлтэй гэж өмнө нь ашиглах боломжгүй заасан байсныг нууц, нууц биш буюу нийтийн болон тусгай зориулалтын ангилалтай болгож хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн, төрийн бусад байгууллагын эрхэлсэн асуудалд хамаарахгүй хирнээ хийгддэг геодези, зураг зүйн үйл ажиллагааны зохицуулалтыг тусгаж, эдгээр ажлуудыг гүйцэтгэхдээ геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас суурь мэдээлэл авч ашиглаж байхаар, мөн газрын зургийг хэвлэхдээ тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгуулагаас зөвшөөрөл авч хэвлэж байхаар уг хуулийн төсөлд тусгалаа гэв.

 

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэх бөгөөд 6 бүлэг, 32 зүйлтэй, хуулийн төсөлтэй холбогдуулан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хаягжуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Монгол хэлний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Геодези, зураг зүйн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл