Цэс

Холбоо барих

БСШУСБХ: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.10.12) хуралдаан 14 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2022.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн  Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

    Хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав, Танилцуулгадаа, Хөдөлмөрийн зах зээлд цахим технологийн дэвшлүүд хурдтай нэвтэрч, ажлын байрны ур чадвар гарсан өөрчлөлтүүд, үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж хувьсан өөрчлөгдөж байгаатай уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоонд шинэчлэл хийхийг зүй ёсоор шаардаж байна. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, ажлын байранд 2022 онд хийсэн шинжилгээгээр төгсөгчдийн 30 хувь нь өөрийн ажлын байрны шаардлагаас өндөр ур чадвартай, эсвэл ур чадвараар дутмаг гэж үзсэн нь хөдөлмөрийн зах зээл дээр босоо чиглэлд ур чадварын нийцэлгүй байгааг харуулж байна. Ажлын байрны босоо болон хэвтээ чиглэлд ур чадварын нийцэлгүй төгсөгчдийн эзлэх хувь төгсөөд нэг жилийн дараа 46 хувь, төгсөөд гурван жил болсоны дараа ч өндөр хэвээр байна (40 хувь) гэж дүгнэсэн байна.

    2022 онд баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэд бүтцийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх асуудал бидний нэн тэргүүний зорилт болж байна. 

Салбарын анхны бие даасан хуулийг 2002 онд Монгол Улсын Их Хурлаар батлуулж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тухайн үеийн хөгжлийн бодлого, стратегитэй уялдуулан тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд томоохон бүтээн байгуулалт, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ хотхон, дадлагын бааз байгуулж, санхүүгийн бие даасан байдлыг хангах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн.  

    Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийн тандан судалгаагаар тодорхойлсон хэрэгцээ, шаардлагад үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол,  сургалтын   тухай   хуулийн   шинэчилсэн   найруулгын төслийг 8 бүлэг, 33 зүйлтэй боловсрууллаа. 

Энэ удаагийн хуулийн шинэчлэлээр хуулийн нэрийг өөрчилсөн нь БНСУ-ын Сөүл хотноо 1999 онд болсон мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын олон улсын чуулганаар ажлын байранд шаардагдах боловсрол, ур чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагааг бүхэлд нь (ТМБС-Technical and Vocational education and training) хэмээн нэрлэх нь зүйтэй гэж зөвшилцсөнтэй холбоотой юм. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах шинэчилсэн зохицуулалтыг Боловсролын ерөнхий болон дагалдах хуулийн төсөлтэй нийцүүлэн тусгалаа.

Үүнд:

    Хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжил, үйлдвэржилт, бүсчилсэн хөгжилтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, цогцолбор, хотхон (кампус), салбар дундын дадлагын бааз хэлбэрээр хөгжүүлж, иргэнд гадаад, дотоодын сургалт, үйлдвэрлэл, амьдралын орчноос олж авсан мэдлэг, ур чадварын түвшинг үнэлж, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ. 

    Ажил, мэргэжлийн стандарт, мэргэшлийн түвшинд нийцүүлэн сургалтын байгууллага хөтөлбөрөө тасралтгүй сайжруулах, шатлан суралцах, хосмог, ажлын байран дээрх, сургуульд суурилсан сургалтын олон хувилбарт хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг олгоно. 

    Мэргэжлийн боловсрол, сургалтын 2.5 жилийн сургалтыг 3 жил болгох. Ингэснээр 18 насанд хүрсэн, мэргэжлийн болон бүрэн дунд боловсролын агуулгыг бүрэн эзэмшсэн төгсөгч ажлын байранд гарах боломжийг бүрдүүлнэ.  Үүний үр дүнд ажил мэргэжлийн стандартаар тодорхойлсон шаардлагад нийцсэн, мэргэжлийн зөөлөн, хатуу ур чадварыг бүрэн эзэмшсэн Монгол хүнийг ажлын байранд нийлүүлэх боломж бүрдэнэ.

    Мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний багтаамж, эрэлттэй уялдуулан сургалтыг илүү уян хатан байдлаар зохион байгуулах, сургалт эхлэх, дуусах хугацааг харилцан адилгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

    Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвартай төгсөгчийг бэлтгэх, ажилтны эзэмшсэн ур чадварын үнэлэмжийг сайжруулах зорилгоор ажлын байран дахь сургалтын олон хэлбэрүүдийг бий болгоно. Иргэд өөрийн хэрэгцээ, туршлагад суурилан албан бус боловсрол, нийгэм, амьдралын орчинд бие даан эзэмшсэн мэргэжлийн ур чадвар, чадамжаа хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах боломжтой болох юм. 

    Боловсролын салбар дахь байгууллага хоорондын чиг үүргийн давхардлыг хянан, үйл ажиллагааны уялдааг нарийвчлан тусгалаа. Тухайлбал, салангад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын үнэлгээний байгууллагуудыг нэгтгэх, чиг үүргийн давхардлыг арилгаж, уялдааг сайжруулна.

    Багш, хүний нөөцийн хөгжлийг боловсролын нэгдсэн тогтолцоонд хамтад нь хөгжүүлэх, багш өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээлийн орлогоос хувь ногдол, ашиг хүртэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлнэ. 

    Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулж, өөрийн ажлын гүйцэтгэлд тохирсон цалин хөлс авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдсан орчин нөхцөлд суралцах, хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгав.

    Удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлого олох боломжийг бүрдүүлж, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүжүүлнэ.

    Нийгмийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага нь сургалтын стандарт, хөтөлбөрийг хамтран боловсруулах, төгсөлтийн үнэлгээнд оролцох, үйлдвэрлэлийн дадлагыг хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангахад чиглэсэн зохицуулалтуудыг бүрэн тусгалаа.   

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. 

    Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ, эдийн засгийн өсөлтөд мэргэжилтэй ажилтны оруулах хувь нэмэр өндөрөөр үнэлэгдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн Монгол Улсад насан туршийн суралцахуйд суурилсан, боловсролын түвшин хоорондын уялдааг хангасан, шаталсан сургалтын уян хатан зохион байгуулалт бүхий зөв тогтолцоо бий болно гэлээ.

    Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Н.Учрал нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.

    Үргэлжлүүлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Намрын чуулганы 10 дугаар сард Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглабар баталлаа

    Хуралдаанаар үргэлжлүүлэн “Намрын чуулганы 10 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглабар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд “Намрын чуулганы 10 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглабар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, баталлаа.

Үндэсний номын сангийн барилгын ажлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах асуудал дэмжигдсэнгүй

    Хуралдааны төгсгөлд Үндэсний номын сангийн барилгын ажлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг уг асуудлаар Улсын Их Хурлын даргад ирсэн бичиг болон Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийг танилцуулснаар Соёлын дэд сайд М.Батбаяр болон Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар Үндэсний номын сангийн барилгын ажлын талаар гишүүдэд тайлбар, мэдээлэл өгөв.


    Дэд сайд М.Батбаяр мэдээлэлдээ, Үндэсний номын сангийн шинэ барилга, өргөтгөлийн зураг төсөв нь анх 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1290/2013 дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлтээр 12,1 тэрбум төгрөгөөр батлагдаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2075/2019 дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлтээр 16,19 тэрбум төгрөгөөр тус тус хянагдсан. Барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас /хуучнаар/ “Акми Холдинг” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 3/206 тоот 11.999,8 сая төгрөгийн гэрээ байгуулж ажилласан. Түүнээс хойш нийт таван удаа гэрээний үргэлжлэх хугацааг сунгасан байна. 

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /хуучнаар/ болон “Акми Холдинг” ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3/206+5 тоот 6,900.2 сая төгрөгийн нэмэлт гэрээ байгуулснаар гэрээний нийт дүн 18,900.0 сая төгрөг болж өссөн. Мөн 2022 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, нийт төсөвт өртөг 19,900.0 сая төгрөг болж, тухайн онд санхүүжих дүн 2,081.8 сая төгрөгөөр батлагдсан. 

    Одоогийн байдлаар барилгын А, Б, В блокуудын өрлөг, дээвэр, дотор шавар, хар шал, гадна бохир усны шугамын угсралтын ажил, шилэн фасад, чулуун фасад, метал фасад, дотор цахилгааны ажил, дотор холбоо дохиолол, халаалт салхивчны ажил, хөргөлтийн шугамын сүлжээ, лифтний зам тогтоох, гадна холбооны сувагчлал, гадна цахилгааны кабелийн зэрэг ажлууд хийгдсэн. 

Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1953/2021 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр тус барилгын гадна фасадны металл өнгөлгөөний 1873.7 м2 бүхий тоо хэмжээгээр нэмэгдэж 794,815,385 төгрөгөөр хянагдсан гээд барилгын гадна фасадны гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

    Түүнчлэн, 2022 онд хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,  Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1953/2021 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр тус барилгын гадна фасадны металл өнгөлгөөний 1873.7 м2 бүхий тоо хэмжээгээр нэмэгдэж, 794,815,385 төгрөгөөр хянагдсан тул нэмэлт гэрээ болон гэрээний хугацаа сунгах шийдвэр 2022.02.17-ны өдөр гарсан ч “Акми холдинг” ХХК-аас нэмэлт гэрээний гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх боломжгүй байгаа тул эхний ээлжинд гэрээний хугацааг 2022.08.01-ний өдөр хүртэл сунгасан.

Үндэсний номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн захирал нь таалал төгсөж, компанийн өвлөгч /удирдлага/-ийн асуудал шийдвэрлэгдээгүйгээс хэвийн үйл ажиллагаа алдагдаж, компани эрх зүйн чадамжгүй, санхүүгийн эх үүсвэргүй болсон, асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. 

    Соёлын яамны зүгээс 2022 оны 06 дугаар сард ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч байгууллагатай үе шатны хуваарь гарган ажилласны дээр гүйцэтгэх захирал Г.Ганбилэг /түр орлон гүйцэтгэж буй/ болон төлөөлөлд албан бичиг хүргүүлж, барилгын ажлыг шуурхайлж, ашиглалтад өгөх талаар үүрэг чиглэл өгсөн боловч тус компанийн албан ёсны удирдлага тодорхой болоогүйн улмаас ажил эхлээгүй. Соёлын яамнаас асуудлаа шуурхай шийдвэрлэж ажлаа явуулах талаар тус компанийн төлөөлөлтэй 10-аас дээш удаагийн уулзалт хийсэн ч эцсийн шийдэлд хүрээгүй байна.

    Засгийн газрын 2022.09.05-ны өдрийн хуралдаанд Соёлын салбарын зарим төсөл, арга хэмжээний явцад үүссэн нөхцөл байдлын талаар хийсэн танилцуулгад тус барилгын талаарх мэдээллийг оруулж, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлах, мөн барилгын интерьер заслын ажлын зардалд 2.0 тэрбум төгрөгийг төсөвт тусгах санал танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдааны 44 дүгээр тэмдэглэлээр барилга угсралтын ажил нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй зарим барилгыг дуусгах талаар хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.

    Соёлын яамнаас 2022.09.26-ны өдрийн 3/2479 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус ХХК-ийн холбогдох хүмүүст хүргүүлж, хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон үлдэгдэл ажлыг тооцож авах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэв.

    Үндэсний номын сангийн захирал Ч.Ичинхорлоо Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орсноор дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн ололтод тулгуурласан сан хөмрөг бүхий олон улсын номын сангийн стандарт шаардлага хангасан бүх насныханд үйлчлэх номын сантай болох талаар мэдээлэл өгөв.

    Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, үг хэллээ. Үргэлжлүүлэн Үндэсний номын сангийн барилгын ажлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл