Цэс

Холбоо барих

НББХ: Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.10.17) хуралдаан 14 цаг 18 минутад 56.2 хувийн ирцтэй эхэллээ.

    Хуралдаанаар Засгийн газраас 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, мөн Засгийн газраас 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Туваан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Ц.Мөнх-Оргил, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, өнгөрсөн онд 2022 оны төсөв батлахдаа хүүхдийн мөнгө бол халамж бус хүүхдүүдийн ирээдүйд зориулсан хуримтлал, хөрөнгө оруулалт юм гээд халамжийн хуулиар зохицуулахыг хасаад Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулдаг болгосон. Гэтэл 2023 оны төсөвт хуримтлал бус халамж гээд эсрэгээр нь зохицуулаад оруулаад ирлээ. Монгол төрийн бодлого яагаад тогтвортой хэрэгжиж болохгүй байна вэ хэмээн тодрууллаа. Мөн хүүхдийн мөнгийг орлогоос нь хамаарсан байдлаар буюу нийт хүүхдийн 91 хувьд өгөөд, есөн хувь буюу 100 орчим мянган хүүхэд хасагдах юм байна. Үүнээс шалтгаалж төсөвт хэдэн төгрөгийн хэмнэлт гарах вэ гэж тодруулсан. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хүүхдийн мөнгөнөөс хасагдахаар тооцоолсон есөн хувьд бэлэн мөнгөөр бус хуримтлал байдлаар хадгалах хүсэлтэй бол түүнийг нь нээлттэй үлдээж болох эсэх талаар тодруулав. Асуулт асууж, хариулт авсан гишүүдийн олонх нь Засгийн газрын халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг Улсын Их Хурал дэмжиж байна. Гэхдээ халамжаас хөдөлмөрт бодлого нэрийн дор хүүхдийн мөнгийг 91/9 гэсэн зарчмаар оруулж ирэхдээ ямар тооцоолол хийснийг тодруулж, судалгаа хангалтгүй, үндэслэлгүй байна гэсэн байр суурийг илэрхийлж байв.

    Гишүүдийн асуултад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нарын албан тушаалтнууд хариулт өглөө.

    Гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

    Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Тэрбээр, Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах,  нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:

Нэгт, Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

Хоёрт, Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шннэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;

Гуравт, Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх;

Дөрөвт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;

Тавд, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таагай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно.

Төсвийн тухай хуулийн төсөлд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохтой холбоотойгоор Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэнд олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг одоогийн түвшнээс нь бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ төсвийн боломждоо тааруулан өндөр хэрэглээ бүхий, амьжиргааны түвшин өндөртэй өрхүүдэд энэ хөтөлбөрт хамрагдахгүй байхыг уриалж, төсвийг хэмнэлттэй, үр дүнтэй хуваарилах нь зүйтэй гэж үзэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас үзэхэд өндөр хэрэглээтэй өрхүүд нийт өрхийн 9 хувийг эзэлж байх бөгөөд эдгээр өрхүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед орлого нь буурсан олон өрхүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломж нь нэмэгдэх юм.

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байна гэлээ.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулав. Танилцуулгадаа, Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байна.

    Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч УИХ-д гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өглөө.

Тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны урсгал зардлын төсвийн төсөл дараах байдалтай байна. Үүнд:


ТЕЗ-ийн нэр2022 оны урсгал зардлын төсөв2023 оны урсгал зардлын төсвийн төсөлЗөрүү
1Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд1.580,163.22,271.048.1690,884.90
2Эрүүл мэндийн сайд903,349.71,094.428.1

191,078.40

 

    Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг мөн ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулав.

    Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс болон аудитын дүнд үндэслэн Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэж үзжээ. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлтийг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулахгүй байна гэж дүгнэжээ. 

Засгийн газарт Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлт, хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүнг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт уялдуулах, Төсвийн хөрөнгөөр боловсруулсан барилга, байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, төсвийн төлөвлөлтөд ил тод, нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх гэсэн зөвлөмж өгсөн байна.

    Хуулийн төслийн танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинзориг, М.Оюунчимэг, Б.Бейсен, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Г.Батдорж нарын албан тушаалтнууд хариулт өгөв.  

   Эцэст нь хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл