Цэс

Холбоо барих

ХЗБХ: Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.18) хуралдаан 11 цаг 22 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Эхлээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, эдгээр хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааны талаар тодруулахад, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариулт өгөв. Эрүүгийн хуулийн тодорхой зүйл ангид заасан гэмт хэрэг, зөрчлийн хуулийн тодорхой зүйл ангид заасан гэмт хэргийг шийдвэрлэснээс буюу торгууль, шийдвэрийн орлого улсын төсөвт төвлөрч байгаа. Тухайн жилд төвлөрсөн энэ орлогын 20-иос доошгүй хувийг камержуулалтын системийг сайжруулахад, мөн хэмжээний хувийг бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх соён гэгээрүүлэх ажилд зарцуулахаар хуульчилсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд төслүүдийг боловсруулах шаардлага үүссэн гэдэг хариултыг өгөв.

    Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зүйл бүрээр нь хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингээд дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

    Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьсон гэдгийг дурдав. Иймд ирэх оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн тогтвортой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулах зорилтуудыг чиглүүлжээ. Тухайлбал, төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх, төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх, өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх, мөн хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж ажиллахаар төсөлд тусгасан гэлээ.

    Монгол Улсын шүүх эрүүл мэндийн салбар, шүүхийн үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтийг иргэдэд илүү илүү үр нөлөөтэй, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлж ажиллахад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, орчин үеийн мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлж, цахим шүүхийн тогтолцоог бий болгох, шүүхийн шийдвэр болон бусад мэдээлэл, судалгааны сан бий болгохтой холбоотойгоор шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, холбогдох орон тоо, төсвийг 2023 оны төсвийн төсөлд тооцон тусгасан гэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно гэж заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах зардлыг 2023 оны төсвийн төсөлд тусгажээ.

    Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас илүүгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувьд хүрэхээр төсөөлжээ.

 

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан юм. Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх, халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарсан гэдгийг танилцуулгынхаа эхэнд дурдаж байв. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч Улсын Их Хуралд гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өгчээ. Үргэлжлүүлэн тэрбээр Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны урсгал зардлын төсвийн төслийн талаар танилцуулсан.

    Төсвийн төслийн танилцуулга болон төслийн талаарх аудитын дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын тодруулсны дагуу Х.Нямбаатар сайд дараах мэдээллийг тодруулж өглөө. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 14 байгууллага, агентлагийн ажилтан, алба хаагчдын цалинг ирэх онд нэмэгдүүлэхээр холбогдох зардлыг төсвийн төсөлд тусгасан гэлээ. Тодруулбал, цалин хөлс болон нэмэгдэл урамшуулал, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл 2.9 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 1.3 тэрбум төгрөг, бусдаар ажил гүйцэтгүүлэх болон нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардалд 12.4 тэрбум төгрөг, урсгал шилжүүлгийн зардалд 16.1 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэн тусгасан байна. Үргэлжлүүлэн тэрбээр хэмнэсэн буюу бууруулсан зардлын төсвийн тооцооллыг танилцууллаа. Хангамж, бараа материалын зардлыг 0.4 тэрбум төгрөг, нормтив зардлыг 8.6 тэрбум төгрөг, эд хогшил, урсгал засварын зардлыг 10.8 тэрбум төгрөг, томилолт зочны зардлыг 0.6 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардлыг 1.5 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлыг 22.2 тэрбум төгрөгөөр тус тус өнгөрсөн оны батлагдсан төсвөөс бууруулж төсөвлөсөн байна. Салбарын хүний нөөцийн бодлогын талаар Б.Энхбаяр гишүүн тодруулсан. Ирэх оны төсвийн төсөлд Дотоод хэргийн их сургууль 2023 онд 178 сонсогч бэлтгэх урсгал зардал тусгагдсан байтал салбарын хэмжээнд 1250 сонсогч бэлтгүүлэх захиалга ирүүлсэн байгаа аж. Мөн салбарын хэмжээнд нийтдээ 1100 хүн тэтгэвэрт гарах урьдчилсан хүсэлтээ өгөөд байгаа зэргийг дурдаад цаашид боловсон хүчний хомсдол үүсэх эрсдэл бий гэдгийг хэлсэн. Төрийн тусгай албан хаагчдын цалинтай холбоотой асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулт өгсөн. Ирэх онд төрийн захиргааны албан хаагчид болон төрийн тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгохоор, бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэмэгдүүлэхээр, төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутамд тооцож олгохоор, төрийн захиргааны албан хаагчийн орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар нэмэгдүүлэхээр тооцон, төсвийн төсөлд тусгаад байгаа гэв. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин 137.4-334.9 мянган төгрөгөөр, төрийн тусгай албан хаагчдын цалин 199.8-154.1 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцооллыг танилцуулсан. Төрийн тусгай алба хаагчийг өсвөр наснаас нь тусгайлан бэлтгэдэг онцлогтой тул тэтгэвэрийн насны төрийн албан хаагчдыг цаашид төрийн албанд ажиллуулахгүй байх хуулийн зохицуулалтад төрийн тусгай албыг хамруулахгүй байх саналыг Б.Энхбаяр гишүүн хэлсэн.

    Ирэх оны төсвийн төсөлд и-пасспортыг нэвтрүүлэхтэй холбоотой зардал, зохицуулалт, арга хэмжээ туссан эсэхийг Э.Бат-Амгалан гишүүн асуулаа. Засгийн газар энэ чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсэг онцоллоо. И-пасспортыг нэвтрүүлснээр хэрэглэгчийн хил нэвтрэх хугацаа 15 секунд болох бөгөөд холбогдох бэлтгэл ажлыг хангаж байгаа гэв. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжсэн, одоогоор 300 гаруй мянган иргэн цахим гарын үсгээ аваад байгаа аж. Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аяллын цахим баримт бичгийн нийтийн түлхүүрийн мэдээллийн сан (ICAO PKD)-д Монгол Улсын цахим гарын үсгийн санг нэгтгэх шаардлагатай бөгөөд үүнд шаардлагатай программ хангамж тэргүүтэй холбогдох 4.8 тэрбум төгрөгийн зардлын талаар Сангийн яамтай зөвшилцсөн гэдгээ Х.Нямбаатар сайд хэлэв. Мөн и-пасспорт хэвлэх асуудлаа шийдвэрлэж байгаа юм байна. Цахим гарын үсгийн утга бүхий и-пасспортоо хэвлэх техникийн шийдэл болон загварыг Засгийн газрын хуралдаанаар батлаад байгаа. Дээрх зардлыг шийдвэл ирэх оны I улирал гэхэд Монгол Улсын иргэд цахим гарын үсэгтэй бүхий и-пасспорт, эсвэл одоо хэрэглэж буй энгийн гадаад пасспортоос сонгох боломж бүрдэх юм байна. Цахим гарын үсэгтэй бүхий и-пасспорт авснаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн орны нисэх буудлуудын цахим гарцаар нэвтрэх боломжтой болно. Монгол Улс ч мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээ цахим гарцыг байгуулаад байгаа гэв.  Ц.Мөнх-Оргил гишүүн, иргэдийн гар дээр и-пасспортыг хүргэхээс илүүтэй и-пасспортууд, үүнтэй холбоотой мэдээллийн сангаа баталгаатай гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг аль болох олон улстай байгуулах шаардлагатай гэдгийг тайлбарласан юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц дахь бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамж, Цагдаагийн ерөнхий газрын төсвийн талаар тодруулж, салбарын сайдаас тайлбар авав.

    Ийнхүү Байнгын хорооны гишүүд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт мэдээлэл авав. Дараа нь төслүүдтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулсан шийдвэрлээд, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

    Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөтэй. Монгол Улсын Их Хурлаас иргэний энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг байнга баталгаажуулан хамгаалахыг эрмэлзсээр ирсэн. Дээрх үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны нэмэлт, өөрчлөлтөөр “гүтгэх” зөрчлийг хүчингүй болгосон. Гэтэл Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн “5.9 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих” хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан. Энэ хуулийн зохицуулалтаар цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтан прокурорын хяналт, шүүхийн шийдвэргүйгээр иргэн хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг шалган тогтоож, торгууль ногдуулахаас баривчлах хүртэл төрийн албадлага хэрэглэх шийдвэр гаргаж  хүртэл  байгаа. Иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг Иргэний хуулиар, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар тус тус хамгаалсан. Гэтэл хүний нэр төр, алдар хүндийг зөрчлийн хуулиар хамгаалж, нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхийг хууль бусаар хязгаарлаад зогсохгүй шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг олон үндсэн эрхийг хязгаарласан хууль болсон байна. Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг өөрчлөхөөр төслийг боловсруулсан болохоо тэрбээр танилцуулав.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл