Цэс

Холбоо барих

Инфографик: Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


 

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, 1992 оноос хойш хамгийн өндөр хувиар эдийн засаг агшсан байна. Сүүлийн саруудад худалдаа, үйлчилгээ хэвийн горимд үе шаттай шилжин эдийн засагт сэргэлт ажиглагдсан боловч Оросын Холбооны Улс болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн тасалдал бий болж дотоодын зах зээлд хомстол үүсэх эрсдэл үүсэж байна.

Дээрх нөхцөл байдлаас хойш Оросын Холбооны Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээлд огцом өсөж, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэн нь импортлогч улс орнуудад шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж эхэлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газар Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд олон улсын хямралт байдлын улмаас үүсэж байгаа гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүнд гурил, мах, газрын тосны бүтээгдэхүүн хамаарна. Эдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах талаар Монголбанк, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг товч танилцуулж байна.

Монголбанкнаас авах арга хэмжээ: Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкны эх үүсвэрээр олгох, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох, санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан газрын тосны бүтээгдэхүүний импортод шаардлагатай гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулж импортлогчдод нийлүүлэх бөгөөд банк энэ эх үүсвэрээр ашиг олох зорилгоор арилжаа хийхийг хориглох, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох, Лондонгийн металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах юм.

Засгийн газраас авах арга хэмжээ: Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, мах, гурилын нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах, зохицуулалтад хамрагдсан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан, биелэлтийг хангуулна.

Газрын тосны бүтээгдэхүүний болон Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудаас авах арга хэмжээ: Төрийн захиргааны төв байгууллагууд мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах, экспортлох хүнсний нэр төрөл, тоо, хэмжээг тухай бүр тогтоож мөрдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуй нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хариуцлагын гэрээ байгуулан биелэлтийг ханган ажиллах юм.

Хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд үйлчилнэ.

Хууль батлагдсанаар иргэдийн амьдралд хамгийн өндөр нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомстол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлж, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах эерэг үр дүнтэй бөгөөд Монголбанканд тушаах алтыг нэмэгдүүлсэн үнээр худалдан авснаар алтны нөөц нэмэгдэж, гадаад зах зээлээс хамаарсан эдийн засгийн хүндрэлийг бууруулах нөхцөл бүрдэнэ.

                                                Улсын Их Хурлын Тамгын газар

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл