Цэс

Холбоо барих

ТБХ:Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.02) хуралдаан 17 цаг 59 минутад эхэлж, таван асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн “Байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Үндэсний аудитын газраас “Хөгжлийн банкны үйл ажиллагааны нөлөө, үр ашиг” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийх хугацааг хойшлуулах хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлснийг гишүүдэд танилцуулав.


Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос хяналт, шалгалтын ажил хийж байгааг тодотгоод үүнтэй цар хүрээний хувьд гүйцэтгэлийн аудит давхардаж байгаа тул хугацааг хойшлуулж, “2023 оны гүйцэтгэлийн аудитын сэдэв”-ийн төсөлд тусгах саналтай байгааг нь мэдэгдлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, хариулт авсны дараа “Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Төсвийн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлах нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хураалт  явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас  2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс төслийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Хуралдаан Засгийн газраас  2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтүүдтэй танилцсаны дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нийт 101 хуулийн төсөл, УИХ-ын  тогтоолын  зургаан төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хууль, тогтоолын төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалаа. Тухайлбал, Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна” гэснийг “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 оноос 65 байна” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжив.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.”, мөн “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж зөвшөөрөл авсны үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлнэ. Энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана.” гэсэн агуулгатай заалт, хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.


Түүнчлэн  Ажлын хэсгээс “Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай” гэсэн хуулийн төслийн нэрийг, “Засгийн газар дахь хяналтын тухай” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1,2 дугаар зүйлийг хасаж, 3,4 дүгээр зүйлийг хэвээр үлдээж, дугаарлалтыг өөрчлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах”, мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах”, “Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсгэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах.” гэсэн 8,9,10  дахь дэд заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь  дэмжив.

Ингээд хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас  2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн,  Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хүнд сорилт, нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа дурдсан.


Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих төсвийн бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. Коронавируст халдвар “КОВИД-19”-ийн хүндрэл эхэлснээс хойш 2020, 2021 онуудад бид үе шаттайгаар буурах байсан төсвийн алдагдлын тусгай шаардлагыг нэг удаа түдгэлзүүлж, хэрэгжих хугацааг ахин нэг жилээр хойшлуулсан. Үүний улмаас  ирэх жилийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний -3.6 хувь буюу 1.9 их наяд төгрөг байхаар байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2023 оны төсвийн тохиргоо хийснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын 2024 онд хүрэх байсан түвшин болох 2.8 хувийг нэг жилээр наашлуулан төсвийн төслийг боловсруулсан гэдгийг онцлов.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг онцолсон.


Аудитын дүгнэлтэд Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. Төсвийн төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан тодорхой зорилт, үйл ажиллагаанд санхүүжилт тусгасан хэдий ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлээгүй, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлэх боломж хязгаарлагдмал байгааг дурдсан байлаа.

Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаагүй, судалгаа, туршилт тохируулга хийгээгүй, цахилгаан автобусны хэрэглээ, цэнэглэлт, цэнэглэх цэгүүдийн байршлыг оновчтой тодорхойлох, газар чөлөөлөх зэрэг нь тодорхойгүй байгаагаас хэрэгжилтэд эрсдэл үүсэхээр байна. Улсын төсвийн санхүүжилтээр бэлтгэсэн зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүйгээс хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай байна хэмээн дүгнэлтэд дурдсаныг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлов.


Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлттэй танилцав.

Үргэлжлүүлэн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нар тус тус танилцуулсан.

Улсын Их Хурлын даргын 151 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 32 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ дөрвөн удаа хуралдсаныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.

Мөн Байнгын хороо, Ажлын хэсэгт албан бичгээр ирүүлсэн нийт саналуудаас төсөвт зохицуулалт хийх төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, мөн төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн салбарт зохицуулалт хийх саналууд болон зураг төсвийн магадлал хийгдсэн, ирэх жилүүдийн улсын төсөвт бага ачаалал үзүүлэх, төсөвт өртөг нэмэгдүүлэх саналуудыг Ажлын хэсгийн санал болгон дэмжсэн гэж байлаа.

Тэрбээр, Байнгын хороонд болон Ажлын хэсэгт албан бичгээр ирүүлсэн нийт саналуудаас төсөв нэмэгдүүлэх магадлал хийгдээгүй, төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал өөрчлөх болон бусад гишүүдийн тойрог, салбарын төсвөөс зохицуулалт хийж, хөрөнгө оруулалтын өөрчлөлт хийх саналуудыг Ажлын хэсгээс дэмжих шаардлагагүй гэж үзсэнийг тодотгосон.


Харин Байнгын хороо, Ажлын хэсэгт Улсын Их Хурлын зарим гишүүд, төрийн байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн санал нэг бүрийг судалж үзээд, эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой нь уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд эх үүсвэр олж тусгахаар санал бэлтгэсэн гэдгийг дурдсан.

Үүгээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөж, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл