Цэс

Холбоо барих

Төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

 

   Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.11.10) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулав.

   Байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн үндсэн үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасан гэв.


   Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар асуулт асууж, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээс хариулт, тайлбар авсан.

   Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулав. Тодруулбал, төслийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”, 2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг 2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”, 2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “34.7”, 2024 онд “36.3”, 2025 онд “34.5” гэснийг 2023 онд “34.9”, 2024 онд “34.6”, 2025 онд “33.6“ гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн хуралдаанд оролцсон гишүүдийн 42 нь 71.2 хувийн саналаар дэмжив. Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2024 онд “22,401.7 тэрбум төгрөг”,  2025 онд “23,128.8 тэрбум төгрөг” гэснийг, 2024 онд “21,426.8 тэрбум төгрөг” 2025 онд “22,583.6 тэрбум төгрөг" гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2024 онд “39.1”, 2025 онд “36.5” гэснийг, 2024 онд “37.4”, 2025 онд “35.6” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.7 хувь нь, нэгдсэн төсвийн зарлагын өсөлтийн хэмжээ 2024 онд “1,926.4 тэрбум төгрөг”,  2025 онд “727.1 тэрбум төгрөг” гэснийг, 2024 онд “951.5 тэрбум төгрөг” 2025 онд “1,156.9 тэрбум төгрөг" гэж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2024 онд “3.4”, 2025 онд “1.1” гэснийг, 2024 онд “1.7”, 2025 онд “1.8” гэж өөрчлөхийг гишүүдийн 64.4 хувь нь дэмжсэн. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2023 онд “-1,553.4 тэрбум төгрөг” гэснийг “-1,425.7 тэрбум төгрөг” гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “-2.8” гэснийг “-2.6” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.4 хувь нь дэмжсэн. Нэгдсэн төсвийн зардлын хэмжээ 2023 онд “5,347.3 тэрбум төгрөг” гэснийг “5,359.7 тэрбум төгрөг” өөрчлөхийг, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2023 онд “1,999.0 тэрбум төгрөг” гэснийг “1,961.2 тэрбум төгрөг” гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд 3.7” гэснийг “3.6” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн юм. Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

   Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

   Байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хийсэн байна. Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт 101 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоолын төслийг өргөн мэдүүлснээс анхны хэлэпцүүлгийн шатанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хугацааг түр хойшлуулах горимын санал дэмжигдсэн тул нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг нийт 99 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 6 тогтоолын төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.


   Нэгдсэн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйл, заалтын уялдааг хангаж гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Мөн Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үед Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн холбогдох зүйл, заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтад заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул зарчмын зөрүүтэй 6 саналын томьёоллыг бэлтгэн санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ.

   Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Н.Наранбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, М.Оюунчимэг нар  асуулт асууж, Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авлаа.


   Ингээд зарчмын зөрүүтэй саналын долоон томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.  

Төсвийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

   Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Өнөрболор гишүүн танилцуулсан.

   Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн тооцоололтой холбоотойгоор, түүнчлэн төсвийн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн тул Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт галгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг боловсруулан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.


   Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг нийт дүнгээр нь төлөвлөж, хуваарилах өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний байгууллага нэмэлт орлого олж, түүнийгээ зарцуулах эрхтэй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

   Улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хуульд тусгагдаж батлагдахад үүсгэснээс хойш тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд коджуулах, шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гурван жилд багтаан санхүүжүүлж дуусгах зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

   Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хууль санаачлагч нь анхдагч хуулийн төсөл, шинэчилсэн найруулгын хуулийн төсөл болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, түүнчлэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тусдаа үзэл баримтлалтайгаар, бие дааж өргөн мэдүүлж байх зохицуулалтыг тусгасан болохыг Д.Өнөрболор гишүүн танилцуулсан юм.

   Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруупах тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар иргэдэд цахимаар мэдээлэл хүргэдэг байх, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс санал, санаачилга гарсан бол Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дараагийн ээлжит чуулганы хяналт шалгалтын цаглаварт оруулан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байх, төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт хяналт шалгалт явуулах үндэслэл, үргэлжлэх хугацааг тусгадаг болох, Байнгын хороо ээлжит чуулган эхлэхээс өмнөх 30 хоногийн хугацаанд тодорхой хяналт шалгалтын ажлыг заавал явуулахаар цаглаварт тусгах, Засгийн газар дахь хяналтын талаарх Засгийн газрын тайланг тодорхой хугацаанд Улсын Их Хурлаар сонсож байх, мөн Улсын Их Хурлын хяналтын сонсголыг хуульд тусгайлан сонсгол хийхээр заасан бол тухайн хугацаанд, харин тухайлан хугацаа заагаагүй тохиолдолд чуулганы чөлөө цагт зохион байгуулдаг болох асуудлыг тусгасан гэв.


   Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн, дуусгаагүй хяналт шалгалтын асуудлыг зохион байгуулах, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хийсэн хяналт шалгалттай холбоотой гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэх, түүнчлэн 2023 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн дотор батлах зэрэг шилжилтийн үеийн зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

   Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, хуралдаанд санал гаргасан гишүүдийн саналыг бүрэн тусгаж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

   Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

   Д.Өнөрболор гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, Төсвийн байнгын хорооны даргаас хариулт авсан. Дараа нь Байнгын хорооны дэмжсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь горимын саналыг дэмжсэн тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

   Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

   Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн.


   Төсвийн байнгын хороо 2022 оны арван нэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн байна. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын дагуу холбогдох өөрчлөлтийг төсвийн төсөл болон холбогдох хавсралтуудад тусгаж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн гэв. Байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

   Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн тэнцлийг сайжруулахтай холбоотой төсвийн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх; Төрийн хэмнэлтийн тухай хууль болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зарим шаардлагагүй төсөл хөтөлбөр, урсгал зардлыг хэмнэж, төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр бууруулах; зарим шаардлагагүй зардлыг бууруулсан эх үүсвэрээр зохицуулалт хийн хүн ам ихтэй хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт олгох, хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний арга хэмжээ болох “Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ойн хортон шавжтай тэмцэх, ой хамгаалах, хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодитой ажил болгох зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд 176.9 тэрбум төгрөгөөр төсвийн зардлыг тус тус нэмэгдүүлэх өөрчлөлтүүдийг тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.7 тэрбум төгрөгөор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар сайжруулсан байна.


   Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлээгүй гэдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэснийг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулсан.

   Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Г.Тэмүүлэн гишүүн хариулт өгсний дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

   Үдээс өмнөх хуралдаанаар үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.


   Улсын Их Хурлын тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2022 оны арван нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолын төсөлд нэг бүрчлэн тусгаж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна.

  Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт авсан. Цар тахал, түүнээс шалтгаалан иргэдийн орлого буурсан нөхцөл байдлаас үүдэлтэйгээр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд царцаасан бөгөөд цаашид хэрхэх талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар тодруулсан. Коронавирсут халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт дуусахтай зэрэгцэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан шийдвэр хүчингүй болно гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга тайлбарлалаа. Цаашид ипотекийн зээл олголтыг орон нутагт чиглүүлэх, энэ хүрээндээ олон хөнгөлөлтүүдийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг бодлогыг баримтлах нь зохистой гэв. Ипотекийн зээлийг 2013 оноос олгож эхэлсэн бөгөөд 2022 оны есдүгээр сарын байдлаар 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгосон гэх мэдээллийг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 2021 онд 13 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан бол 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 6 хувийн хүүтэйгээр 523.2 тэрбум төгрөгийн зээлийг 5.8 мянган өрхөд олгоод байгаа аж. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийн дагуу хойшлуулах шийдвэр гаргаснаас хойш 31 сар өнгөрөөд байгаа юм байна. Эхэндээ зээлд хамрагдсан өрхүүдийн 20 орчим хувь нь зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргаж байсан бол үүнээс хойш нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 50 орчим хувьд хүрсэн хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ. Ипотекийн зээл нь эхний зээлдэгчийн эргэн төлөлтөөр дараагийн зээл санхүүжих хэлбэрээр үргэлжилдэг тогтолцоо тул зээлийн эргэн төлөлт орж ирснээр дараагийн зээлийн санхүүжилт бүрдэнэ гэдгийг тэмдэглэсэн. Энэ онд олгож буй зээлийн хэмжээ өнгөрсөн оныхоос бага байгаагийн шалтгаан нь зээлийн эргэн төлөлттэй шууд хамааралтай хэмээн тайлбарласан. Ипотекийн зээлийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банк гаргадаг. Зээл олгох шийдвэрээ арилжааны банкууд гаргаж, зээлээ олгосны дараа зохих хувиа Монголбанкнаас авдаг байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чанаргүй зээлийн хэмжээг тодруулж, төлбөрийн тэнцлийг хангах чиглэлээр мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулан, Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт авсан юм. Ийнхүү Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл