Цэс

Холбоо барих

Инфографик:Эрдэнэсийн сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Эрдэнэсийн сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нараас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг 28 жилийн дараа шинэчлэн найруулж, дараах зохицуулалтыг тусгасан.

Үүнд:

Эрдэнэсийн тодорхойлолтыг өргөжүүлж, түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг эрдэнэст хамааруулахаар;

Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэсийг зөвхөн гадаадад худалдах, гадаадаас худалдаж авахаар байсныг гадаад болон дотоодод худалдах, худалдан авахаар;

Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа, түүний орлого, зарлагыг нийтэд ил болгож, “төрийн нууц”-аас гаргахаар;

Монголбанкны бүрэн эрх тодорхой болж, эрдэнэс худалдан авахад санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байх бөгөөд мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батлахаар;

Эрдэнэсийн сангийн орлого нь иргэн, хуулийн этгээдээс төрд худалдсан, бэлэглэсэн, хандивласан, хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн эрдэнэсээс бүрдэхээр;

Эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлд тогтоох сорьцыг эрх бүхий хуулийн этгээд хийж болохоор;

Монголбанк эрдэнэсийг эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хадгалах, түүнтэй холбоотой ажил, үйлчилгээг үзүүлж болох зэрэг өөрчлөлтийг тусгасан.

Эрдэнэсийн сангийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар Эрдэнэсийн сангийн эрх зүйн орчин боловсронгуй болж, Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалт сайжирч, үнэ цэн нэмэгдэх, Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын жилийн төсөв, гүйцэтгэлийн тайлан, тооллогын дүн олон нийтэд ил болж, Эрдэнэсийн сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг илүү ойлгомжтой тодорхой болгосон.

Түүнчлэн Эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагаа өргөжиж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч хүн, хуулийн этгээд, бусад байгууллага нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлд сорьц тогтоолгох нь сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хязгаарлагдахгүй, эрх авсан хувийн хэвшлийн хуулийн этгээдэд нээлттэй болж, олон улсын стандартад нийцсэн сорьцыг тогтоолгох, улмаар үнэт металлын эдийн засгийн эргэлт сайжрах эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан.

Эрдэнэсийн сангийн байнгын хэсгээс эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан болон эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр байнгын бус хэсгээс эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд холбогдох нэмэлтийг оруулсан.

Улсын Их Хурлын Тамгын газар

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл