Цэс

Холбоо барих

Инфографик:Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Хууль батлагдсанаар төрийн бүх шатанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих болон улсын салбарт хамаарах аливаа хуулийн этгээдийн зарим үйл ажиллагаанд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ.


Хуулийн үйлчлэлд бүх төрийн албан хаагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд тэдгээрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, мөн бүх шатлалын төсөв, тусгай сангууд, төсөвт авсан зээл, тусламжийн эх үүсвэр хамаарна.

Төрийн бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд түүний албан тушаалтны хувьд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахдаа бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөхөөр заасан. Төрийн хэмнэлтийн тухай хуульд төсвийн байгууллага, бүх төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, тэдгээрийн дарга, захирлын хангамж, зарим үйл ажиллагаа, түүнчлэн хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээ худалдан авалтад хориглох зүйлсийг тодорхойлж, төрийн бүх шатанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж ажиллахыг заасан болно.


Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглосон.

Түүнчлэн нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байх, мөн Засгийн газрын агентлагийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглож, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилган хэмнэлтийг горимыг хэрэгжүүлж эхэлнэ.

Хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг мөн хориглолоо.

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглосон.

Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахгүй юм.

Мөн хуулийн үйлчлэлд хамаарах бүх этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглосон.

Харин эмнэлэг, цагдаа, гамшгаас хамгаалах, хил хамгаалах, зэвсэгт хүчин гэх мэт үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын автотээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ, шаардлагыг бий болгодог байгууллагууд автомашин хэрэглэнэ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн нэг онцлог зохицуулалт нь төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэж, ашиглалтад хяналт тавьж ажиллана.

Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглосон бөгөөд харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн өмсгөл, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас үүнд хамаарахгүй.

Хуулийн үйлчлэлд хамаарах бүх этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад суудлаар төсвийн болон байгууллагын хөрөнгөөр зорчихыг хориглож ингэхдээ нэн тэргүүнд үндэсний агаарын тээвэрлэгчийг сонгож үйлчлүүлнэ. Албан томилолтоор ажиллаж байгаа албан хаагчийн тээврийн хэрэгсэл, байр, хоолны зардлыг албан томилолтоор ажиллуулсан байгууллага төсөвлөж олгосон тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтнаар төлүүлэхийг хориглоно.

Түүнчлэн төрийн бүх шатлалын байгууллагуудын албан тушаалтан гар утас, хэвлэл захиалга болон ээлжийн амралтаар амрах замын төлбөрөө байгууллагаас төлүүлэх, мөн хуулиар зөвшөөрөөгүй аливаа хангамж эдлэхийг хориглосон.

Төрийн хэмнэлтийн хуульд жил бүрийн тавдугаар сарын 31-ний дотор батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаагүй бол тэрхүү хөрөнгийг хэмнэлтэд тооцож, цаашид төрийн хөрөнгөөр хөшөө дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барих явдлыг хориглож байна. Мөн техник, эдийн засгийн үндэслэлгүй, зураг төсөлгүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй төсөл, арга хэмжээг төсөвт суулгаж батлахыг хориглосон. Улсын төсвөөс орон нутгийн шинжтэй дэд бүтэц, нийтийн аж ахуйн үйлчилгээ зэрэг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхийг ч мөн хориглосон.

Төрийн бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээг хэмнэх, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх зэрэг энэ хуульд заасан хэмнэлтийн бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд дээрх байгууллагуудын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэргүйгээр шинээр хараат болон охин компани байгуулах, чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоох, хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох, төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон.


Энэ хуулийн хэрэгжилтэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн аудитын байгууллага хяналт тавьж ажиллах бөгөөд хуулиар хориглосон зүйлсийг зөрчсөн буюу албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болохоор заасан болно. Хэрэв гэмт хэргийн шинжтэй бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Мөн төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн болон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишгийг хуульд заасны дагуу Засгийн газар болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, хэрэгжүүлнэ.

Хууль хэрэгжсэнээр төрийн бүх шатны байгууллага хэмнэлтийн горим баримталж, дунд болон урт хугацаанд төрийн зарлагын өсөлт саарч тогтворжино.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл