Цэс

Холбоо барих

Инфографик:Далай ашиглах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга


Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Далай ашиглах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Далай ашиглах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг дагалдах бусад хуулийн төслүүдийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг анх 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Далай ашиглах тухай хууль /1999 он/ нь 5 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалт оруулаагүй, олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтгүй, хуулийг практикт хэрэглэх боломж, бололцоо сул, цаг үеэсээ хоцрогдмол байсан.

Далай ашиглах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслөөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын шаардлага, Олон Улсын Далайн Байгууллага, түүний аудитын шалгалтын мөрөөр гаргасан зөвлөмжийн дагуу Далбааны эзэн улсын хяналт, хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийх, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг томоохон зохицуулалтыг тусгасан.

Улсын Их Хурал Далай ашиглах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Далай ашиглах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсанаар дараах ач холбогдолтой:

1)Далай ашиглах үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлснээр Монгол Улс олон улсын далайн байгууллагын гишүүн орны үүргээ биелүүлж, олон улсын гэрээ, конвенц хэрэгжих боломжийг бүрдүүлж байна.

2)Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох хөлөг онгоц эзэмшигч, хөлөг онгоц түрээслэгч, Далайн захиргаа, далбааны эзэн улсын хянан шалгагч, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжирснаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжирна.

3)Далайн боомт ашиглах, хөлөг онгоц түрээслэхтэй холбоотой зохицуулалтыг тусгаснаар хөрш орнуудтай хийсэн дамжин өнгөрөх хэлэлцээрүүд болон Монгол Улс далайн боомт ашиглах хэрэгцээ, шаардлагад тулгуурласан хууль, эрх зүйн зохицуулалт бий болсноор цаашдаа далай ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болсон.

4)Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулснаар хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

 

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл