Цэс

Холбоо барих

Инфографик:Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулг)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон бусад хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай” 38 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Г.Ганболд, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллалаа.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш Казахстан, Гүрж улсын парламентын гишүүд, холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй 3 удаагийн санал солилцох, туршлага судлах уулзалтыг, мөн Дэлхийн банкны төлөөлөлтэй 4 удаагийн уулзалтыг, мөн 27 төрийн байгууллагатай 46 удаагийн хурал, уулзалтыг, хувийн хэвшил /бизнес/, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 7 удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсан бөгөөд дээрх байгууллагын төлөөлөл болон иргэн, аж ахуйн нэгжээс хуулийн төсөлд холбогдуулан гаргасан нийт 550 гаруй саналтай танилцаж, зарим саналыг төсөлд тусган ажилласан.

Хуульд дараах зохицуулалтыг шинээр болон нарийвчлан тусгасан:

1)Хуулийн үйлчлэх хүрээ

Хуульд заасан зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх бөгөөд Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна.

2)Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим

хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглоно;

төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд хариуцна;

Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийнэ;

зөвшөөрөл эзэмшиж байгаатай нь холбогдуулан зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой эрхийн хязгаарлалтыг хуулиар тогтооно;

зөвшөөрлийг шинээр бий болгоход тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлагатай эсэх, зөвшөөрөл нь зохицуулалтын зохистой арга хэрэгсэл мөн эсэх, зөвшөөрөл нь нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх эсэхэд судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ;

Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэх, хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглоно;

зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой дүрэм, журам гаргахыг хориглоно.

3)Зөвшөөрлийн ангилал

Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай болон энгийн зөвшөөрөл гэж ангилна.

Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно.

Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагаа, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгоно.

4)Зөвшөөрлийн хугацаа

Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно.

Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зөвшөөрлийг хугацаатай олгоно.

Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаас бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна.

5)Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

Энэ хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрлийг олгох бөгөөд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвшөөрөл олгох бүрэн эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

Зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явцыг зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байлгах ба хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгоно.

Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргана.

6)Зөвшөөрөл олгох эрх шилжүүлэх

Хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ төрийн холбогдох байгууллага, албан тушаалтан, эсхүл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.3-т заасан холбоо /төрийн бус байгууллага/, мөн хуулийн 7.1.7-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.

Эрх шилжүүлэн авсан этгээд энэ хуульд заасан зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлэх ба зөвшөөрөл олгох эрхийг хууль бусаар шилжүүлсний улмаас бусдад учирсан хохирлыг тухайн эрх шилжүүлсэн этгээд хариуцахаар зохицуулсан. 

7)Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах

Зөвшөөрөл хүссэн өргөдөл нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх;

Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээрх эрхлэх нэмэлт зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт бичгийг дахин шаардахгүй байх;

Цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ.

8)Зөвшөөрөл олгох

Зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 22 өдөр буюу хуанлийн 30 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар шийдвэрлэх бөгөөд өргөдлийг шийдвэрлэх хүртэлх явцын мэдээллийг өргөдөл гаргагч иргэн, аж ахуйн нэгж цахимаар танилцаж, хянах боломжтой;

Зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжээс төрд байгаа мэдээллийг шаардахгүй бөгөөд төрийн байгууллага хоорондоо Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.13-т заасны дагуу мэдээллээ солилцоно;

Зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг болон хуульд заасан шаардлагын дагуу нэмэлт магадлан шалгах ажиллагааг тодруулах 22 өдрийн дотор багтаан явуулна;

Хуулийн хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш гурван хоногийн дотор энгийн зөвшөөрлийг олгох шийдвэрийг эрх бүхий этгээд гаргах үүрэгтэй ба хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй нь холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно.

10)Зөвшөөрлийн хугацааг сунгах

Зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 17 өдөр буюу хуанлийн 23 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах талаарх мэдээллийг зөвшөөрөл эзэмшигчид цахим шуудангаар, эсхүл шуудангийн хаягаар мэдэгдэнэ;

Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд гаргах бөгөөд эрх бүхий этгээд зөвшөөрлийг анх авахад бүрдүүлж өгсөн материалыг иргэн, аж ахуйн нэгжээс дахин шаардахгүй;

Зөвшөөрөл эзэмшигч татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийн анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгана;

Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасан, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа бол эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгах ба эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно.

11)Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт

Ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад олгох зөвшөөрлийг дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалтын журмаар олгох ба уг харилцааг хуулиар нарийвчлан зохицуулна.

12)Зөвшөөрлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан

Зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийн талаарх Зөвшөөрлийн нэгдсэн сантай байх ба энэ санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан ажиллана.

13)Зөвшөөрлийн жагсаалт

Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт 448 зөвшөөрөл туссан бөгөөд үүнээс 13 чиглэлийн 285 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 163 энгийн зөвшөөрөлд эрсдлийн үнэлгээ хийх болон салбар хуулийн зохицуулалтыг судалж, дараах үндэслэлээр төсөлд туссан зөвшөөрлийг хассан:

салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй зөвшөөрөл;

хуулиар давхардуулан олгож буй зөвшөөрөл;

бүртгэлийн шинжтэй явагдах харилцаа зэрэг.

Дээрх үндэслэл, шаардлагын дагуу хуульд нийт 362 зөвшөөрөл буюу 14 чиглэлийн 248 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 114 энгийн зөвшөөрлийг тусгасан.

14)Зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах Зөвлөл:

Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, энэ хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, ТББ-ын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллана.

Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрдэх бөгөөд Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэнэ.

Зөвшөөрлийн тухай хууль батлагдснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл, жагсаалт болон эдгээртэй холбогдох суурь харилцаа тодорхой болсон.

Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон зах зээлийн харилцаанд оролцогч, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цэгцтэй механизмыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Зөвшөөрлийн харилцааг ил тод, нээлттэй, цахим хэлбэрээр зохион байгуулахаар хуульчилсан нь иргэдэд чирэгдэл, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх, цаашлаад авилга, албан тушаалын гэмт хэргийн гаралт буурч, төрийн албан хаагчийн хүнд суртал багасч, олон улс дахь авлигын индексийн үзүүлэлт болон эдийн засгийн голлох үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжрах болно.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл