Цэс

Холбоо барих

Инфографик: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Энэ  удаа Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. 

Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

Үндэсний их баяр наадмыг жил бүр, аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид болон уяачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг олгох зохицуулалтыг тусгасан.

Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх 16 насанд хүрсэн хүн байх бөгөөд улсын баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхийн эрэмбийг бөхийн холбооны дүрмээр зохицуулахаар тусгалаа.

Үндэсний хурдан морины уралдаанд уралдах морийг найм, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулж, хүүхдийг ослын даатгалд даатгуулсан эсэх, стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэж байгаа эсэхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл уралдааныг зохион байгуулж болно.

Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болох зохицуулалтыг тусгасан.

Олон улсын допингийн эсрэг агентлагаас баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно. Бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ хийх арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна.

Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу хасах зохицуулалтыг тусгалаа.

Шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.

Бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.

Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр хориглосон бодис, арга хэрэглэсэн нь илэрсэн бөх, харваач “В” дээжид шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг өөрөө төлнө.

Үндэсний их баяр наадам нь өөрийн билэгдэл /барааны тэмдэг/-тэй байх бөгөөд хэрэглэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлэхээр хуульчилсан.

Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааныг Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна.

Улсын Их Хурлын Тамгын газар

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл