Цэс

Холбоо барих

Инфографик: Хууль зүйн туслалцааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Хууль зүйн туслалцааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. 

Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

Улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, хүүхдийн эсрэг гэмт хэргийн 18 насанд хүрээгүй хохирогч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүн худалдаалах гэмт хэргийн төлбөрийн чадваргүй хохирогч, хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө болон газар өмчлөх эрх зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч, гэмт хэргийн гэрч хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх зэргээр хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлсэн.

Хууль зүйн туслалцаа авах үйлчлүүлэгч төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдлыг улсын бүртгэлийн болон өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, лавлагаанд үндэслэн тогтооно. Үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай болох нь нотлогдсон тохиолдолд улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийг гаргаж үйлчлүүлэгчид өгөх эрхтэй.

Хуульд зааснаар үйлчлүүлэгч хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах бөгөөд улсын өмгөөлөгчийн татгалзсан шийдвэрийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй. Хэрэв үйлчлүүлэгч энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэйгээр хуульд тусгасан.

Хууль зүйн туслалцаа үзүүлж буй байгууллагын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, тэдгээрийн уялдаа холбоог хангахад чиглэсэн зохицуулалтыг хуульчилсан.

Хуульд улсын өмгөөлөгчийн чиг үүрэг, түүний үйл ажиллагаанд хориглох зүйл, ажиллах нөхцөлийг зааснаас гадна аймгийн төв, сум, алслагдсан дүүрэгт сүүлийн таван жил тасралтгүй ажилласан улсын өмгөөлөгчид мөнгөн урамшуулал олгох, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд төрийн зардлаар хамрагдах, гишүүний татвар, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамж, хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх, сургалтад үнэ төлбөргүй хамрагдах, цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох зэрэг зохицуулалтыг тусгалаа.

Улсын өмгөөлөгч хүрэлцээгүй үед өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх өмгөөлөгчдөөс сонгон, гэрээ байгуулсны үндсэн дээр хувийн өмгөөлөгчийг ажиллуулах зохицуулалтыг оруулсан. Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсний жишгийг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй эх үүсвэрээс буцалтгүй тусламж, хандив авч санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Мөн бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд улсын өмгөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах, түүнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгаж болох зохицуулалтыг тусгасан. Энэ нь орон нутагт ажиллах улсын өмгөөлөгчийг ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангахад бодит хувь нэмрээ оруулах болно.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь хууль зүйн туслалцааны мэдээллийн сантай байх бөгөөд уг санг бүрдүүлэх, ашиглах, хамгаалах, мэдээлэл солилцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хууль батлагдсанаар төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх тогтолцоог бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах эрхийг баталгаажуулах, тэдний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхээ хамгаалуулах, иргэний үндсэн эрхийн баталгааг хангахад чухал ач холбогдолтой.

 

Улсын Их Хурлын Тамгын газар

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл