Цэс

Холбоо барих

Инфографик: Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн нэг төсөл болгон Улсын Их Хурал 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.

Улсын Их Хурлаас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх 2009 онд баталсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас уг хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийсэн.

Тус үнэлгээнд “Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор үнэт цаас гаргах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хууль хэрэгжихгүй байх шалтгаан болж байна. Парк хөгжих гол үндэс нь дэд бүтцийн бүтээн байгуулалт бөгөөд дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхгүйгээр дараагийн хөгжлийн асуудлыг хөндөх боломжгүй юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа парк одоогоор байхгүй бөгөөд гол шалтгаан нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаатай холбоотой юм. Иймээс хэрэгжилт хангалтгүй учир хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай” гэж дүгнэжээ.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, зорилго болон хэлбэрийг тогтоох, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, нэгж, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, тусгай зөвшөөрөл, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд 6 бүлэг,19 зүйлтэй. Хууль 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй, шинэ, дэвшилтэт болон өндөр технологи дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улсын болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулна. Паркийн удирдлага нь төрийн болон орон нутгийн өмчит, хувийн өмчит, бусад гэсэн хэлбэртэй байна.

Засгийн газар паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын саналыг үндэслэн олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгоно. Паркийн тусгай зөвшөөрлийн хугацаа 15 жил байх бөгөөд мөн хугацаагаар нэг удаа сунгаж болно.

Засгийн газар паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтыг үйлдвэржилт, урт, дунд хугацааны хөгжлийн болон инновацийн бодлого, дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан батлах юм. Засгийн газар паркт ямар үйлдвэрлэл эрхэлж болохыг бодлогоороо тодорхойлох юм.

Засгийн газрын баталсан паркийн байршлын жагсаалтын дагуу паркийн нутаг дэвсгэр байршлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

Паркийн зориулалтай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах бөгөөд уг газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар паркийн удирдлагад олгох бөгөөд удирдлага компани нэгжүүддээ уг газрыг гэрээгээр ашиглуулна.

Паркийн үйл ажиллагааг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах, паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын бонд болон холбогдох бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх, төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор шаардлагатай зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх, паркийн удирдлага, нэгж, үйлдвэрлэлийн ажилчдыг сургах, дадлагажуулах зорилгоор гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ үзүүлсэн бол ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг төрөөс татварын бус дэмжлэг үзүүлнэ.

Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэлх хугацаагаар нэг удаа сунгах шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд энэ татвар төлөх хугацааг сунгасан хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

Паркийн удирдлагын компанийг Компанийн тухай хуулийн дагуу байгуулна. Төрийн өмчит паркийн удирдлагыг байгуулах, дүрмийг батлах эрх Засгийн газарт олгогдсон.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсанаар паркийн үйл ажиллагааг удирдан зохицуулах асуудал нэгдсэн бодлого төлөвлөлттэй болж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой байршилд төвлөрүүлэн, дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болж, паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэх, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, дагалдах жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих ач холбогдолтой.

 

Улсын Их Хурлын Тамгын газар

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл