Цэс

Холбоо барих

Инфографик:Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн 12 хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.

Энэ хуульд хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг согтууруулах ундаа гэж томьёолж, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх болон түүгээр үйлчлэхийг согтууруулах ундааны эргэлт гэж тодорхойлж, дараах зохицуулалтыг тусгасан болно. Тухайлбал,

Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох ба ингэхдээ хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох;

Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар тус тус олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгох;

Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим сантай байх, мэдээллийн цахим сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон байх;

Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортлосон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;

Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээг нэвтрүүлэх, согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох эмгэгтэй хүмүүст хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай байх;

Согтууруулах ундааны зохистой хэрэглээ болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх;

Дэлхий нийтийн жишиг, хүний биеийн онцлог, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл болон бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 21 байхаар хуульчиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор” гаргасан зарлигийн хүрээнд согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой албан татварын ялгамжтай бодлогыг хэрэгжүүлэх Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэх зорилгоор уг хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл