Цэс

Холбоо барих

Инфографик: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

 Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагасан 31 хууль, Улсын Их Хурлын нэг тогтоолыг хэлэлцэн баталсан.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд улсын бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хязгаартай, хаалттай байхаар тогтоож, мэдээллийн нэгдсэн сангаас мэдээлэл, лавлагаа олгохоор, нээлттэй, хаалттай мэдээллээс бусад улсын бүртгэлийн мэдээллийг хязгаартай мэдээлэлд хамаарулж, түүнийг зөвхөн тухайн иргэний зөвшөөрлөөр өгөхөөр зохицуулсан.

Хязгаартай мэдээлэл буюу регистрийн дугаар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалтад заасны дагуу иргэний үнэмлэхэд ил харагдаж бичигдэхээр, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр регистрийн дугаартай байх бөгөөд уг дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, тэдгээртэй адилтгах баримт бичигт бичигдэнэ” гэж тус тус заасан байсан буюу одоогийн хуулийн зохицуулалтаар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгахаар тогтлоо. Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтсон.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.8 дахь заалтад Монгол Улсын иргэдэд олгогдож буй иргэний үнэмлэх дээр иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл ил харагдах бичилтээр хийдэг байсныг иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар өөрчилсөн.

Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан нэр томьёог жигдлэх зорилгоор Иргэний улсын бүртгэлийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Газрын тухай, Галт зэвсгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан.

Мөн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл