Цэс

Холбоо барих

Инфографик:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн процессын үндсэн “оролцогч”-чид болох мөрдөгч, прокурор, шүүгч нарт яллах ба цагаатгах нотлох баримтыг тэгш цуглуулах, үнэлэх, аль нэг талыг хэт баримталж, давуу байдлыг олгохгүй буюу гаргахгүйгээр шүүх хуралдаанд мэтгэлцэх суурь зарчмыг хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүдээс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль хэрэглээний алдааг засах, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж, түүнийг нөхөж хийх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах зохицуулалтыг тусгасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар заалтын дагуу шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалтыг хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан.

Дээрх зохицуулалтуудыг хуульчилснаар шүүх, прокурорын байгууллагад улс төрд нөлөө бүхий этгээдээс дарамт шахалт үзүүлэх, авилга өгөхөөс урьдчилан сэргийлэх бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн бие даасан байдлын зарчим, прокурор гадны нөлөөнд үл автах зарчим, гэм буруугийн зарчим, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгож буй хуулийн хийдлийг залруулах ач холбогдолтой юм.

Улсын Их Хурлын Тамгын газар

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл