Цэс

Холбоо барих

Инфографик:Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 59 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд мод, бут, сөөг үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээхэд ашиглах ойн үр, үржлийн материалыг бэлтгэх, үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, ойн үрийн улсын нөөцийн санг бий болгох, ойн үрийн шинжилгээг магадлан итгэмжлэгдсэн лабораторид хийх, чанарын гэрчилгээ олгох асуудлыг тусгасан.

Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторид шинжлэгдээгүй, стандартын шаардлага хангаагүй ойн үрийг худалдах, импортлохыг хориглох, ойн үрийн үржлийн материал бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зэрэг асуудлуудыг тусгасан. 

Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсанаар ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хяналт тавьж ажиллах боломжтой болсон.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж 2030 он гэхэд нийт газар нутгийн 9 хувьд хүргэх ногоон хөгжлийн зорилго хангагдах боломжтой боллоо. Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдсэнээр нүүрсхүчлийн хийн шингээлт нэмэгдэж, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх юм.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл