Цэс

Холбоо барих

Инфографик:Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нарын гишүүдээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах асуудлыг тусгасан. Үүнд:

Донорын насны доод хязгаар 25 байсныг 21 болгож өөрчилсөн;

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллага цусны болон эс, эд, эрхтний амьд донорыг тухайн эзний зөвшөөрлийг үндэслэн олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг үндэслэн зохион байгуулж байхаар тусгасан;

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллахаар, түүний дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгасан;

Цусны болон эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, сангийн ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулсан.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад улс руу чиглэсэн мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх хангагдахаас гадна Донорын тухай хуулийн эрх зүйн зохицуулалт сайжирна.

Улсын Их Хурлын Тамгын газар

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл