Цэс

Холбоо барих

Инфографик: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.  

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дээрх хууль, тогтоолоор дараах асуудлыг зохицууллаа.


Үүнд:

1) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж заасан нь ялтныг бүртгэл, хяналтад аваагүй, шүүхээс заасан хориглолт, хязгаарлалт, зорчих чиглэлийг тогтоон ял эдэлж эхлээгүй байхад ялын хугацааг тооцож, ялтанд ял завших боломж бий болгож байсан тул зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдэлсэн хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхэлж тоолох өөрчлөлтийг оруулсан.

2) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 1921-2015 оныг хүртэлх хугацаанд төрийн цэргийн байгуулалд хамаарч ирсэн бөгөөд Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын батлан хамгаалах бодлого, 2016 оны Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Зэвсэгт хүчний тухай хуулиудад төрийн цэргийн байгуулал, цэргийн албанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хамаарахгүй байхаар тусгасан.

Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал дахь дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоо бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэж байгаа хэдий ч бусад цэргийн байгууллагын алба хаагчийн нэгэн адил Цэргийн албаны тухай хуулиар олгогдсон эрхийг эдэлж чадахгүй, эрх зүйн байдал дордож байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1 дэх хэсгийн “төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий” гэснийг “тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн” гэж өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

3) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдал харилцан адилгүй, ялгамжтай байдлаар зохицуулсан байсныг баривчлах төв байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзэхээр өөрчилсөн.

4) Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тасралтгүй ажилласан боловч эрх зүйн шинэчлэлээс хамааран 2002-2018 онд ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцохгүй, уг хугацаанд оруулан тооцох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүйгээс тэдний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж, хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн шийдвэр гүйцэтгэгч нар 10-аас дээш жил цэргийн цолгүй энгийнээр ажилласан тул цэргийн алба хаасан хугацааны бүрэн тэтгэвэрт гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж буй албан хаагчдын эрх байдлыг дордуулахгүйн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэгчээр энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох тухай нэмэлтийг оруулсан.

Харин тус зохицуулалтад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэнд хамаарахгүй юм.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл