Цэс

Холбоо барих

Инфографик: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы чуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн таницуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы чуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн таницуулга, инфографикийн хамт хүргэж байна.  

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүнээс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болох, Улсын Их Хурал төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг хангаж, шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор албан ёсоор санал авахаар албан ёсны цахим хуудсанд байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу, хуулийн төслийн талаарх саналыг 100 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол уг саналыг Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэхээр тусгасан.

Мөн Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийн талаар цахим хуудсанд байршуулж, тав хоногийн хугацаанд тухайн сэдвийн хүрээнд иргэдийг асуулт асуух боломжоор хангах асуудлыг хуульчиллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль батлагдсанаар хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, сайжруулах, иргэдэд Засгийн газрын үйл ажиллагааны талаар байр сууриа чөлөөтэй, хялбар аргаар илэрхийлэх боломжийг олгох, мөн парламентын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хуулийн засаглал төлөвшүүлэх зэрэгт тодорхой дэвшил гарах ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчныг бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилт хангагдаж, технологийн дэвшлийг засаглалын эд эс болгон ашигласнаар иргэдийн санаачилга төрийн шийдвэрт нөлөөлж, тусгагдах боломж бүрдэнэ.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл